Монгол Улсад боловсролын магадлан итгэмжлэх анхны үйл ажиллагаа 1999 оноос эхэлж, үе шаттайгаар үргэлжилсээр өнгөрсөн жилээс их, дээд сургуулийн гурав дахь магадлан итгэмжлэл амжилттай явагдаж байгаа юм. Энэ хүрээнд сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж байна. Гурав дахь магадлан итгэмжлэлийг эхлүүлэхийн тулд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан юм. ХБНГУ-ын ASIIN байгууллага, олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжийг тусган, оролцогч талуудын оролцоотой боловсруулан 2016 онд шинээр баталсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагаар эхний 22 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа гэрчилгээг нь гардууллаа.
Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог хангахын тулд шинжээчдийн багт ажил олгогч, оюутны төлөөллийг оролцуулж, шинжээчид чанарын үнэлгээний аргачлалаар бодитой үнэлгээ хийж байгаа нь сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагааг олон талаас нь нэгтгэн дүгнэх боломж бүрдсэн гэдгийг магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн хамт олон онцлон тэмдэглэж байлаа.