8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга үнэхээр гэм буруугүй юм бол нийтэд тайлбар, мэдээлэл өгнө үү

Сэтгүүлч Т.Хулан
2018-06-28 16:12:00

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахаар гишүүдийн  гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Нийтийн сонсголыг нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Тиймээс хуулийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тэрбээр үүний өмнө мэдээлэл хийсэн юм. 


Тэрбээр " "60 тэрбум"-ын асуудал хэрхсэн талаарх албан ёсны тайлбар, мэдээлэл огт хийгддэггүй, зарим тохиолдолд зориудаар хууль зүйн хувьд тодорхой бус мэдээлэл хийгдэх болов. Тодруулбал, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон" гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. 

Тухайн асуудлыг шалгах, нотлох чиг үүрэг бүхий байгууллага нээлттэй байх ёстой мэдээллийг ил болгохгүй байгаагийн улмаас ард түмний авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий төрийн тусгай байгууллагад итгэх итгэл өдөр ирэх бүр буурсаар байна. Тиймээс УИХ-ын гишүүд бид хуульд заасан эрхийнхээ дагуу нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нийгэмд дуулиан тарьсан "60 тэрбум"-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар нийтийн сонсголыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг хүсье" гэлээ. 

Мөн тэрбээр "УИХ-ын дарга М.Энхболд дарга өөрийгөө буруугүй гэж өчигдрийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Үнэхээр буруугүй бол нийтийн сонсголд оролцон энэ асуудлаар тайлбар хийнэ үү" гэлээ. 

Нийтийн сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар дэмжиж гарын үсэг зуржээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

- Холбогдох хуулиар хэд хоногийн дотор нийтийн сонсголыг зохион байгуулах вэ? 

- 14 хоногийн дотор хариулт өгөх ёстой. Тэр дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо нийтийн сонсголыг зохион байгуулна. Чухал асуудлыг яаралтай горимоор хэлэлцдэг жишиг байдаг. Хаврын чуулганы долдугаар сарын 6-ны өдөр хүртэл хуралдана гэж байсан ч гэнэт энэ сарын 29-ны өдөр завсарлуулахаар болсон.Нийтийн сонсголыг заавал чуулгантай үед хэлэлцэх шаардлагагүй. Чуулган хуралдаагүй үед ч хийх боломжтой. 

Т.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ийм залуус гарч ирнэ гэж итгэж байсангүй
2018/06/28 202.179.26.2