8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Булганы захидал илж болж, "Жаст"-ын Ш.Батхүү батлан даалтанд гарсан өдөр

2018-06-28 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа.

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга үнэхээр гэм буруугүй юм бол нийтэд тайлбар, мэдээлэл өгнө үү

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахаар гишүүдийн  гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Нийтийн сонсголыг нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Тиймээс хуулийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барихаар болсон талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  мэдээлэл хийлээ.

Тэрбээр " "60 тэрбум"-ын асуудал хэрхсэн талаарх албан ёсны тайлбар, мэдээлэл огт хийгддэггүй, зарим тохиолдолд зориудаар хууль зүйн хувьд тодорхой бус мэдээлэл хийгдэх болов. Тодруулбал, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон" гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. 

Тухайн асуудлыг шалгах, нотлох чиг үүрэг бүхий байгууллага нээлттэй байх ёстой мэдээллийг ил болгохгүй байгаагийн улмаас ард түмний авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий төрийн тусгай байгууллагад итгэх итгэл өдөр ирэх бүр буурсаар байна. Тиймээс УИХ-ын гишүүд бид хуульд заасан эрхийнхээ дагуу нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нийгэмд дуулиан тарьсан "60 тэрбум"-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар нийтийн сонсголыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг хүсье." гэлээ. 

Мөн тэрбээр " УИХ-ын дарга М.Энхболд дарга өөрийгөө буруугүй гэж өчигдрийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Үнэхээр буруугүй бол нийтийн сонсголд оролцон энэ асуудлаар тайлбар хийнэ үү" гэлээ. 

Нийтийн сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар дэмжиж гарын үсэг зуржээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

- Холбогдох хуулиар хэд хоногийн дотор нийтийн сонсголыг зохион байгуулах вэ? 

- 14 хоногийн дотор хариулт өгөх ёстой. Тэр дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо нийтийн сонсголыг зохион байгуулна. Чухал асуудлыг яаралтай горимоор хэлэлцдэг жишиг байдаг. Хаврын чуулганы долдугаар сарын 6-ны өдөр хүртэл хуралдана гэж байсан ч гэнэт энэ сарын 29-ны өдөр завсарлуулахаар болсон. Нийтийн сонсголыг заавал чуулгантай үед хэлэлцэх шаардлагагүй. Чуулган хуралдаагүй үед ч хийх боломжтой. 

Н.Оюундарь: Тавантолгой төслийн хувьд бушуу туулай борвиндоо баастай гэгч болж байна

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тавантолгой ордыг ажиллуулахдаа газар доорх гүний усыг ашиглана гэж яриад байгаа. Хэрвээ гүний усыг ашиглавал говийн эко систем алдагдана- 

-  УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Тавантолгой төслийг хэлэлцэж буй нь хэр зохистой гэж та үзэж байгаа вэ?

-  Ер нь Тавантолгой төслийг хөдөлгөх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Тавантолгойг хөдөлгөхөөр зургаан удаа оролдсон ч чадаагүй. Харин бид энэ удаа Тавантолгой төслөө батлахын төлөө ажиллах хэрэгтэй. Гагцхүү үүнийгээ яаруу, сандруу баталбал сайн үр дүнд хүрэхгүй. Ялангуяа, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 30 хувийг олон улсын зах зээлд IPO хийж гаргана гэж байгаа. Ингэхийн тулд үнэлгээгээ заавал хийлгэх шаардлагатай. Одоогийн байдлаар Тавантолгойн ордын үнэлгээг хийсэн байна. Гэхдээ ордын үнэлгээнээс гадна бизнесийнх нь үнэлгээг хийх шаардлагатай. Тэгэхээр бид энэ ажилд гадны компанийг татан оруулах ёстой. Ялангуяа гадны зөвлөх үйлчилгээг авч IPO-оо хэрхэн гаргах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Бид өмнө нь 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр үнэлж байсан. Харин одоо Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээлд гаргаж байгаа учраас нэг сая төгрөгөөс илүү үнэд хүрнэ гэж бодож байгаа. Хамгийн өөдрөг төсөөллөөр бодоход бид 30 хувийн IPO гаргаад зургаан тэрбум доллар олох байх. Гэхдээ олон улсын зах зээлд IPO гаргаж зургаан тэрбум долларыг олохын тулд бэлтгэл ажил буюу гэрийн даалгаврыг маш сайн хийх ёстой юм.

Өмнө нь мөн наадмын урьдхан 39 дүгээр тогтоол гэж яаран, сандран баталж ч байсан. Гэхдээ тэр бүр амжилттай хэрэгжээгүй. Та Тавантолгойн энэ удаагийн төслийн хэрэгжих бодит боломжийг хэрхэн харж байгаа вэ?

-  Энэ төслийг хэрэгжүүлэхэд хамгийн хурцаар хөндөгдөх асуудал нь  ус. Бид өөрсдөө ус, ойн нөөц багатай. Манай голууд гадагш урсацтай. Тавантолгой ордыг ажиллуулахдаа газар доорх гүний усыг ашиглана гэж яриад байгаа. Хэрвээ гүний усыг ашиглавал говийн эко систем алдагдана. Тиймээс байгаль орчинд зохистой үнэлгээг хийх ёстой юм. Үүний дараа  дараагийн алхмуудыг ярих ёстой юм. Мэдээж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ Тавантолгойгоос мөнгө олсон ч байгалиа сүйтгэвэл харамсалтай. Байгалиа сүйтгэвэл хүн амьдрах орчингүй л болно гэсэн үг шүү дээ. Энэ бүгдийг урьдчилж тооцоолох ёстой.

УИХ-д оруулж ирсэн Тавантолгой төсөл бүрэн сайн боловсруулагдаагүй, судалгаагүй байна гэж дүгнэж болохоор байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яаруу, сандруу хийж буй ажлуудын үр дагавар төдийлөн сайн байдаггүй. Ихэнх бизнесийн том төслүүд төлөвлөлтдөө бүх ажлынхаа 80 хувийг зарцуулдаг. Ингэж байж ажил илүү үр дүнгээ өгнө. Харин манайхан судалгааны ажилдаа цаг, хөрөнгө зарцуулдаггүй. Тавантолгой төслийн хувьд ордын үнэлгээнээс өөр судалгаагүй  байж байна шүү дээ. Аль улсын ямар бирж дээр хувьцаа арилжих талаар ч  мэдээлэлгүй байна.

- Аж, ахуй нэгжийн орлогын албан татварын хууль гадаадын аж, ахуй нэгжүүдэд хамгийн илүү ашигтай- 

Засгийн газраас сая Аж, ахуй нэгжүүдийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа. Хаврын чуулган завсарлахаас өмнө Татварын багц хуулиудыг хэлэлцүүлэхээр яаравчилж байна. Та энэ хуулийн төсөлтэй нарийвчлан танилцсан уу?

-  Аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг яг одоо өргөн барьсанаар нь баталбал буруудана. Бид Татварын ерөнхий газраа бэхжүүлэх ёстой. Татварын ерөнхий газар нь шударга, ил тод зарчимтай байхаас гадна нээлттэй, цахимжсан байх ёстой юм. Ер нь л элдэв хардлага, сэрдлэг төрүүлэх ёсгүй гэж бодож байгаа. Татварын багц хууль нь Үндсэн хууль, Иргэний хууль, Захиргааны хуулийн дараа бичигдэх том хууль юм. Татварын ерөнхий газар нь Үндэсний аюулгүй байдлын тусгай үүрэг бүхий байгууллага байдаг. Тэр ч утгаараа Монгол улсын бүхий л төсвийг бүрдүүлдэг байгууллага шүү дээ. Аж, ахуй нэгжийн орлогын албан татварын хуулиар төсвийг бүрдүүлнэ гэж улайраад байхаасаа илүү эсрэгээр нь аж, ахуй нэгжүүдээ дэмжсэн байвал зохистой гэж бодож байгаа.  Манай улсад 132.513 /Зуун гучин хоёр мянга таван зуун арван гурав/ аж, ахуй нэгж байдаг. Гэтэл энэ байгууллагын тэн хагас нь X тайлан өгдөг. Ингээд үлдсэн аж, ахуй нэгжүүдийн 20 орчим хувь нь мөн алдагдалтай тайлан өгдөг. Тэгэхээр маш цөөн аж, ахуй нэгж төсвийг бүрдүүлдэг болж таарах нь. Тэгэхээр орлого бүрдүүлж буй аж, ахуй нэгжүүдээ дэмжсэн зарчмыг заавал барих ёстой. Мөн татвар төлөгчдийнхөө суурь баазыг нэмэгдүүлэх ёстой юм. Дээр дурдсан X тайлан өгч буй аж, ахуй нэгжүүд бүгд ашиггүй ажиллаагүй байж болно. Захын наймаачин болон ТҮЦ ажиллуулж буй хүмүүс гэх мэт жижиг аж, ахуй нэгжүүдээс бага ч болов татвар авах ёстой юм. Ингэж татвар төлөгчдийнхөө суурийг зузаатгамаар байна. Тэдний татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэхгүй байх шаардлагатай.

- Сая өргөн барьсан хуулиар татвараа 100 хувь бүрдүүлснийхээ дараа 90 хувийг нь буцаагаад өгөх нөхцөл байдлыг бүрдүүлэхээр байна. Өнөөдрийн Татварын газрын бааз суурь, хүний нөөц энэ ажлыг хийхэд хүч нь хүрэлцэх үү? 

- Татварын байцаагч нар өнөөдөр татвараа хурааж орлогоо бүрдүүлж чадахгүй байна. Тэд ийм их ачаалалтай байхад нэмээд татвараа 100 хувь бүрдүүлээд буцаагаад 90 хувийг өг гэвэл хүнд суртал, авилгал хээл хахууль бий болохоос гадна маш их хардлага, сэрдлэг бий болно. Хамгийн чухал нь энэ хуулинд удирдлагын үйлчилгээний орлого гэж заасан байдаг. Олон улсын томоохон компаниуд удирдлага буюу тансаглалынхаа зардалдаа бусад зардлаа шингээж нуудаг. Тэр хэрээр ашгаас нь авдаг зардал нь багасдаг. Мөн энэ хууль гадаадын аж, ахуй нэгжүүдэд хамгийн их ашигтай. Өмнө нь 20 хувийн татвар авч байсан бол энэ хуулиар 5-10 болгочихож байна. Тэгсэн мөртлөө дотоодын аж, ахуй нэгжүүдээ дэмжээгүй байна. Миний хувьд гадаад, дотоод гэлтгүй бүх компаниас яг ижил хэмжээтэй татварыг авах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Ер нь бид компаниудыг жижиглэхээс илүү томруулах арга хэмжээг авч ажиллах ёстой. Дотоодын компаниуд том байх тусмаа гадны хөрөнгө оруулагчтай харьцаж дэлхийн зах зээлд гарах боломжтой болно. Сая өргөн баригдсан хуулийн 18.6.2-т ногдол ашгаас орлогын албан татвар авна гэж заасан байна. Гэтэл охин компаниудтай групп, холдингууд толгой компанидаа мөнгөө хуримтлуулаад байвал өөрсдөд нь илүү ашигтай байх юм. Дараагийн нэг асуудал нь элэгдэл, хорогдол тооцох тухай заалт байна. Өмнө нь хуулинд элэгдэл, хорогдлыг 40 жилээр тооцож байсан. Харин энэ хуулиар бүх компанийн элэгдэл, хорогдлыг 25 жилээр тооцсон байна. Монгол компаниудад энэ нь ашигтай ч Монголд хөрөнгө оруулаад буцаагаад гаргах гэж буй компаниудад бүр илүү ашигтай болоод байна. Гадны компаниуд Монголд байшин барилаа гэхэд 45 жил биш 25 жилд зардал нь өндөр болоод ашгийн орлогын татвараа бага төлөх нөхцөл үүсээд байна.

- Мэргэжлийн хүрээнийхэн нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь буруу юм гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна лээ- 

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, төрд хэмжээлшгүй эрх өгөх замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийнхантай Засгийн газар тэмцэхээр зэхэж байгаа нь хэр зохимжтой хувилбар вэ?

-Захиргааны ерөнхий хууль болоод захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь 2016.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Энэ нь шүүх засаглалын хувьд томоохон ололт юм. Саяхан  хуульчдын чуулга уулзалтын үеэр мэргэжлийн хүрээнийхэн нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь буруу юм гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна лээ. Нийгмийн болоод мэргэжлийн хүрээний энэ эсэргүүцэлд Засгийн газар бодьтой тайлбар өгөх ёстой. Миний бодлоор Захиргааны ерөнхий хуультайгаа ноцолдох биш, шүүгчийн ажлаа хийж чадахгүй байгаа, өөр ашиг сонирхолтой ажилтанд хариуцлага тооцох учиртай.

-Таны бодлоор хамгийн зөв хувилбар юу юм бэ?

-Ер нь хэдэн шүүгчээс болоод шүүхийнхээ системээр тоглож болохгүй. Одоо энгийн амьдрал дээр маш олон төрийн албан хаагчид ажлаасаа халагддаг. Буруу тушаал аваад чөлөөлөгдөх тохиолдол өчнөөн байна. Ийм тохиолдолд иргэний эрх ашгийг хэн хэрхэн хамгаалах юм. Мөн лиценз,  газрын маргаан гэхчлэн маш олон асуудлууд Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд шийдэгдээд явдаг. Төрийн захиргааны байгууллага өөрөө хүчирхэг инститүци. Тэр хүчирхэг инститүцийн хажууд энгийн иргэн шууд л хүчгүйдэх нөхцөл байдал үүснэ. Засгийн газрын өнөөгийн оруулж санал нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа.Тиймээс гишүүд салбарын сайдтай нь ярьж байгаад, энэ асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллахаар болсон.

Б.Тулга: Н.Энхбаяр даргад хуулийн хориг саадгүй болсон тул Хэнтийд нэр дэвших бүрэн боломжтой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо. Уг сонгуулийг нийт 228.9 сая төгрөгт багтаан хийхээр төлөвлөсөн. 

Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир ийнхүү нөхөн сонгуулийг явуулахаар болж байгаа юм. Намууд энэ тойрогт хэнийг явуулахаа албан ёсоор ярьж эхэлсэн энэ цаг үед МАХН-ын ЕНБД Б.Тулгаас зарим асуултад хариулт авлаа. Тус нам чухам хэнийгээ тус тойргийн нөхөн сонгуульд сойх бол. 

-Хэнтий аймгийн 42-р тойрогт МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ. Танай нам энэ асуудлаар дотооддоо ярилцаж эхэлсэн үү?

-Мэдээж улс төрийн намынхаа үүднээс нөхөн сонгуульд идэвхтэй оролцоно. Холбогдох хуулийн дагуу 35 хоногийн өмнө нэр дэвшигчээ  зарлаж, өрсөлдүүлж ёстой.  Одоогоор МАХН дотооддоо нөхөн сонгуульд хэн нэр дэвшүүлэх талаарх байр сууриа нэгтгээгүй байна. Янз бүрийн таамгууд бол  явж байгаа. Ямар ч байсан хуулийн хугацаанд нь багтааж, нэр дэвшигчээ МАХН-ын зүгээс зарлах болно

-Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын аль нэгийг нь нэр дэвшинэ гэх мэдээлэл байна?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмнөх улс төрийн сонгуулиудад оролцуулалгүй, элдэв хориг саад тавьсаар ирсэн.  Хуулийн хоригууд одоо арилсан байгаа. Тиймээс ч Хэнтийн аймгийн 42-р тойрогт нэр дэвшинэ гэж таамаглаж буй хүмүүс олон байна. Н.Энхбаяр даргад хуулийн хориг саад байхгүй болсон тул нэр дэвших бүрэн боломж байгааг хэлье.Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Хэнтий аймагт ялалт байгуулсан байдаг. Ялалт байгуулсан учраас С.Ганбаатарыг нэр дэвшинэ гэсэн таамаглал ч явж байна. Үүнтэй  зэрэгцээд орон нутгийн намын байгууллага удирдаж буй залуучууд  нэр дэвших боломж ч бий. Энэ бүхнийг бид нэгтгээд, намынхаа дүрмийн хүрээнд шийднэ. МАХН-ын анхан шатны байгууллагуудын саналыг авна. Уг саналыг намын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганаар  хэлэлцэн шийдвэрлэнэ.

-МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт хамаарах шүүх дээрх маргаан байгаа юу?

-Шүүх дээр ямар нэгэн асуудал байхгүй. Ямар ч хуулийн тээг байхгүй.

“60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг 19 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гишүүдийн  гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 19 гишүүн дэмжсэн байна. Тиймээс хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн барихаар болсон талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд дэмжихээ илэрхийлэд байсан бол өнөөдөр нэг хүн нэмэгдсэнээр нийт 19 гишүүн нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж байгаа гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хуудастаа мэдээлжээ.  

"Жаст"-ын Ш.Батхүү батлан даалтанд гарчээ

Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж  “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэргээр “Жаст” группийн захирал Ш.Батхүү цагдан хоригдоод  байгаа билээ.  Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан ч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан.

Тэгвэл түүнийг батлан даалтад гаргасан байна. Тодруулбал Ш.Батхүг өчигдрөөс эхлэн батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болсон байна.

ОУВС Монгол Улсад 36.91 сая ам.долларын санхжүүжилт баталлаа

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг өчигдөр/06.27/ хэлэлцэн баталжээ.

Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох юм. Мөн бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байна.

Дашрамд дурьдахад, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийтдээ 131.03 сая ЗТЭ буюу 184.55 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

Ихэнх нутгаар 35-38 хэм хүрч хална

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална-

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Алтайн өвөр говиор 33-38 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Чуулган: Нөхөн сонгуулийн тов, зардлыг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”,“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцлээ. 

СЕХ-ноос УИХ-ын нөхөн сонгуулийг 10 дугаар сарын 07-ны ням гаригт явуулахаар товлосныг гишүүд дэмжин баталлаа. Нөхөн сонгуулийн зардлыг 228 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвлөжээ.

Ингээд УИХ-ын нөхөн сонгуулийн техник хэрэгслийг автоматжуулсан системээр явуулах тогтоолын төслийг батлав. Түүнчлэн “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 төгрөгөөр батлах нь зүйтэй гэж үзлээ. Уг тогтоолын төсөлд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтжээ. 

С.Жавхлан: Долоо хоног бүрт Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч анх сонгогдохдоо оффшор бүсэд данс эзэмшиж буй иргэдэд хариуцлага тооцох, "60 тэрбум"-ын асуудлыг цэгцлэх амлалт өгсөн. Тиймээс энэхүү амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Би АТГ-аас оффшор бүсэд данс эзэмшиж буй иргэдийн тухай мэдээллийг авах хүсэлт хүргүүлсэн. УИХ-ын гишүүний хувьд би хүссэн мэдээллээ авах ёстой. Гэтэл АТГ-аас өөрийн цахим хуудастаа тавьсан ерөнхий мэдээллээ явуулсан. Энэ газар эрх мэдэлтнүүдийг хаацайлдаг болж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн чихнээс байнга хонх уяна. Долоо хоног болгон шаардлага хүргүүлнэ. Авлига албан тушаалын хэрэг юу болж байгааг АТГ-аас асуухад шалгаж байна л гэсэн хариу өгөөд байна. Ер нь УИХ-д сууж байгаа хулгайчидтай тэмцэнэ. Энэ хүмүүсийг төрийн ордноос хөөж гартал тэмцэл өрнүүлнэ" гэлээ.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АТГ танд хариу өгсөн гэж ойлгож болох уу?

-Өөрсдийн сайт дээрээ байгаа мэдээллээ өгсөн. АТГ шалгаж байна гээд байгаа юм. Эрх мэдэлтэй байхад нь шалгаж байгаа юм уу, буусных нь дараа шалгах гэж байгаа юм уу. 

-Хаврын чуулган завсарлаж байна. Та хаврын чуулганаар ямар ажил амжуулав. Хаврын чуулганд ямар дүн тавих вэ?

-Улаан цэнхрээрээ дуудалцсан хоёр нам бол арчигдсан шүү дээ. Тэдний хийж байгаа үйлдэл яг адилхан, хоёр хар хэрээ бие биеэ гайхав гэгч болж байна. Түмэн олны талд алх цохихгүй байна. Энэ хавар намаржин улаан махны бузар ярилаа.

-Жаран тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулна гэж зарим гишүүд санал гаргасан. Та гарын үсгээ зурсан уу?

-Зурсан. Хоёр хар хэрээ нэгнийгээ гайхав гэдгийн үлгэр болж байна. Түмэн олны талд буусан шийдвэрээр алх цохихгүй байна. Энэ хаваржингаа "улаан мах"-ны бузрын хэрэг яригдлаа. Нөхөн сонгуулиар  улаан, цэнхэр хоёр өрсөлдөж хэрэггүй. Монголоо хайрладаг бие даагч гарч ирнэ, С.Жавхлан ганцаардаж байсан бол хоёулаа болох болно гэдгийг хэлмээр байна. 

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:
 

  1. Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна.
  2. Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна.
  3. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолоор Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн замналыгдайруулж явуулах өөрчлөлтийг хийж байна.
  4. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооболон Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлт, замын хөдөлгөөний ачаалалд хийсэн судалгааг үндэслэн ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”чиглэлийн үйлчилгээг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлэх төлөвлөлтийг хийв.
  5. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон тус тус өөрчлөлт орууллаа.

Дээрх чиглэлүүдэд холбогдох өөрчлөлтийг хийж, үйлчилгээг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа тул иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Б.Булганы шоронгоос бичсэн захидал ил боллоо

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Ж. Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ үеэр С.Зориг агсны гэргий Б.Булганыг төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийгээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандаж захидал илгээсэн талаар дурдсан юм. Тэрхүү захидалдаа Б.Булган ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг огт харж байгаагүй, нэг ч уулзаж үзээгүй гэдгээ онцолсон талаар ч хэлсэн. Түүнчлэн Ж.Батзандан гишүүн Б.Булганы захидалд ноцтой олон баримт, мэдээлэл байгааг ч дурдсан төдийгүй хуулийн хүрээнд энэ долоо хоногийн сүүлчээр түүний захидлыг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн юм. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд хандан, С.Зориг агсны хамтран амьдрагч байсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийн цор ганц гэрч Б.Булган шоронгоос захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Б. БУЛГАН ЗАХИДАЛДАА: Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүр цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ. 2015 оны арван нэгдүгээр сарын 13-нд намайг Тагнуулын Ерөнхий газар дээр 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн.

1. Өмгөөлөгчгүй байцаасан.

2. “Танай гэрт очих шаардлагатай байна” гэж хэлэхэд нь би зөвшөөрч, гурван мөрдөн байцаагчтай гэртээ ороход араас нь гэнэт хориод хүн Амгалан баатартай хамт орж ирсэн./масктай, буутай, камертай/

Ингээд надад прокурорын тушаалыг танилцуулаагүй, шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.

3. ТЕГ дээр эргэн ирээд Амгаланбаатартай хамт нэг өрөөнд цоожилж, нэг цаг орчим байлгасан. Мэдээж, энэ хүн намайг хэл амаар доромжилж “унтаж хэвтэж байснаа санахгүй байна уу” гээд сандлын маань хөлийг өшиглөж, өдөөн хатгалга явуулж байсан.Амгаланбаатар нь том биетэй боловч ой ухаан нь хөгжөөгүй учир намайг хоёр өгүүлбэр хэлсний дараа тэр юу ч хэлж чадахгүй, чимээгүй болсон.

4. Мөрдөн байцаагч нар нь “нөхөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хажуугаар өнгөрөхдөө хэлж байсан.

5. Бүтэн өдөржин хоолгүй, хамгийн гол нь уух юмгүй байлгасан.

6. Хорьсныхоо дараа тэр “За одоо хэргээ хүлээв, бидэнд хангалттай нотлох баримт байгаа” гэж шахаж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан.

Ингээд би 10 сар хоригдоход надаас гурван удаа л байцаалт авсан.Шинэ юм огт асуугаагүй, гол нь хэргээ хүлээ гэсэн агуулгатай, мөн урьд нь өгсөн мэдүүлгүүд чинь хоорондоо зөрөөд байна гэхээс өөр зүйл огт байгаагүй учир би дахин мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Мөн “Энэ хоригдож байгаа хүмүүс алуурчид биш” гэж хэлсээр 10 сар хоригдсон. Үүний дараа миний хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хүмүүсийн шүүх хурлыг намайг оролцуулахгүй, хаалттай хийсэн билээ. Одоо надад шинэ хэрэг нээж, яллагдагч болгосон байна. Надтай мөрдөн байцаагч Бархасбадь хурандаа дөрвөн удаа мэдүүлэг авах гэж уулзсан. Сүүлийн хоёр удаагийн уулзалтаар тэр “Өөрийн чинь тэмдэглэлийн дэвтэрт танай охины бичсэн зүйлийн талаар асуух хэрэгтэй байна. Хоёулаа Хятад явах уу” гэхэд нь би “Би 82 настай ээжийгээ хардаг учир амжихгүй” гэхэд тэр “Охин чинь яг хэзээ ирэх вэ” гэж байнга асууж байгаа. Миний охин Сийлэгмаа нь 1998 онд 13 настай, эмээ, өвөө дээрээ амьдарч байсан ба тэр хэзээ ч хүний дэвтэрт юм тэмдэглэх хүн биш юм. Иймээс хэрэв миний охиныг байцаах хэрэгтэй болбол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг шахалт дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн үсч байна.

1937 онд миний өвөө Ц.Тамжав нь Бүх цэргийн яамны Санхүүгийн албаны дарга байхдаа хэлмэгдэж, цаазлуулсан ба 1964 онд цагаатгагдсан билээ. Тэр үеийн архивын баримтуудаас харахад, хэлмэгдсэн хүмүүс хэргээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тэднийг ар гэр, эхнэр хүүхдээр нь барьцаалсан гэдэг юм билээ. Одоо миний охинтой уулзана гэдэг нь надад дарамт шахалт үзүүлж байгаа хандлага гэдэг сэтгэл надад төрж байна.

Миний хань С.Зориг нь 1990 онд найз нөхдийн хамт ардчилсан өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах гэж зүтгэсэн. Иймээс 1937 он Монголд эргэн ирэхгүй гэдэгт би гүнээ итгэж байна.

Би энэ захидлыг бичихдээ:

1. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхаарч, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэж байгаа залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх, гэнэдүүлэх аргуудыг зогсоох.

2. Энэ хэрэгт холбогдуулан гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг зогсоох

3. Хэргийн нууцтай холбоотой ямар ч мэдээлэл бусдад тарааж болохгүй гэдэг нэрийдлээр надаас манай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, найз нөхдөөс минь гарын үсэг авсан тул үг хэлж болохгүй, өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгосон.

4. Мэдээллийн хэрэгслээр нэг талыг барьсан, сөрөг мэдээлэл явуулж байгаа.

Энэ бүгд нь Монголын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж явсан С.Зориг гишүүний нэрийг гутааж, мөн ард түмний маань төр засаг, хууль цаазандаа итгэх итгэлийг маш ихээр бууруулж байгааг анхаарна уу.  

Захидал бичсэн Б.БУЛГАН

Алга болсон хүүхдүүд олджээ

Алга болсон хүүхдүүдийг олжээ. Тодруулбал, энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос алга болсон хүүг олсон байна. Хүүг өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олджээ.  Алга болсон хүүхдүүд нь 13, 12 настай аж.

Тэд эсэн мэнд мэнд олсон бөгөөд  ямар нэгэн гэмтэл шарх  байхгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment