8o
Улаанбаатар хот
mobile menu

Хадаг барьж золгох ёсон

2016-02-09 07:00:00

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 01-ны өдөр. Цагаан сарын ёслол нь монголчуудын хувьд хахир өвлийг давж, урин хавартай золгосны нэгэн баяр, хүний орчлонд төрөөд нэгэн нас нэмсний баяр, шинэ он гарсны нэгэн баяр, өвөг дээдсийн сүнс онгодтой золгох нэгэн баяр, хангай дэлхий сэрж шим дэлгэрэхийн нэгэн баяр, туурга тусгаар төр улсаа байгуулж өөрийн эрхт улсаа сэргээсний нэгэн баяр зэрэг олон үйл явдал давхацсан чухал баярын өдөр гэж үздэг. Өнөөдөр та бүхэн ахмад бууралуудтайгаа золгохдоо хадагаа хэрхэн барих болон бэлгэдлийн талаар мэдээлэл хүргэх гэж байна.

Монголчууд баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг байна. .Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Мөн өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.

Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

 

Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл