8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Раднаасэд: 60 тэрбумаар нийтийн сонсгол зохион байгуулах хууль эрх зүйн үндэслэлгүй

2018-06-29 11:37:07

Хаврын чуулганы хаалт өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалт, УИХ-ын Дэгийн тухай хууль, Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай зэрэг олон хуулийн төслүүд хэлэлцэхээр тусгажээ.

Хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "60 тэрбумын асуудлыг хэлэлцэж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэсэн. АН-ын бүлэг мөн энэ саналыг дэмжиж байгаа. Чуулганы хуралдааны хугацааг сунгах шаардлагатай байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Чуулганы хугацаанд “Эрдэнэт”, “Оюутолгой” асуудлаар ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хэлэлцэх байсан. Нийгэмд бөөн дуулиан, шуугиан, зарим хүмүүсийг барьж, хорьсон. Энэ үр дүнг хэзээ хэлэлцэх вэ. Буруутай бол буруутай хүмүүст нь хариуцлага тооцож, алдаа дутагдал байвал засч залруулж, сайн зүйл хийсэн хүмүүсээ урамшуулах ёстой. Чуулганы хуралдаанаа сунгаж, үргэлжлүүлэн хуралдах нь зүйтэй. Маш олон ноцтой асуудлууд бий. Тэр бүгдийг хэлэлцэх ёстой. Амрах гэж юундаа яарна вэ" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд "Ерөнхийлөгчөөс өчигдөр орой бичиг ирсэн. Тэр бичгийг бүлгийн дарга нарт танилцуулсан. Валютын зохицуулалтын хуулийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй, Засгийн газар эсрэг санал өгсөн юм билээ. Нэр бүхий 19 гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн. Дэгийн хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар шийднэ. Чуулган завсарласан ч байнгын хорооны үйл ажиллагаа цаашид үргэлжлэх учраас нээлттэй сонсголоо зохион байгуулаад явах нь зүйтэй байх. “Эрдэнэт”, Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч нар товчхон тайлбар өгөх байх. Прокурорын даргын мэдээллийг одоо шууд оруулах боломж байхгүй. Ээлжит бус чуулганыг хэзээ  ч хуралдуулж болно. Өнөөдөр бол хугацаан дуусч байгаа учраас өнөөдөр хаалтаа хийх нь зүйтэй байх.

Үүний дараа “Эрдэнэт”, “Оюутолгой”-н ажлын хэсгийн ахлагч нар товч мэдээлэл өгөхийг УИХ-ын дарга хэлсэн.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Я.САНЖМЯТАВ:

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Стандарт банкны зээл авсан асуудлыг ажлын хэсэг ажиллаж байна. Ажил удаж байгаагийн шалтгаан нь мөрдөн шалгах байгууллагаар шалгагдаж байгаа, шүүхээр эцсийн шийдвэр гараагүй хүнийг гэм буруутан болгохгүй учраас холбогдох материалтай танилцах шаардлага байгаа учраас дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ асуудлыг хурдан, хуумгай шийдэж УИХ-аар оруулж ирэх хуулийн хүрээнд оруулах боломжгүй. Долдугаар сарын 6-нд арбитрын шүүх хурал болно. Энэ хуралд холбогдох хүмүүс оролцохоор бэлтгэж байна. Энэ хурлын дараа Засгийн газар шуурхай ажиллаж, дипломат харилцааны байгууллагаар дамжуулан холбогдох мэдээллүүдийг зөв талаас нь өгөх юм бол төлөх төлбөрийг бууруулах боломжтой байгаа. Ажлын хэсэг энэ зундаа ажиллаж, ээлжит бус чуулганд оруулах боломжтой гэж харж байна.

“ОЮУТОЛГОЙ” АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА:

-Оюутолгойн ажлын хэсэг дөрөвдүгээр сараас хойш хоёр сарын хугацаанд шалгаж, ажилласан. Ажлын хэсэг зургадугаар сарын 23-ны өдөр ажлаа дуусгах байсан. Ажлын хэсэгт төрийн бус байгууллага, нам эвсэл, эрдэмтдийн төлөөлөл оруулсан өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, дүгнэлтээ нэгтгэсэн. Засгийн газраас нууцын зэрэглэлтэй ажлын тайлан өгөх ёстой, Аудитын ерөнхий газар, АТГ-ын шалгалтын тайлан зэргийг хүлээж байна. Ажлын хэсгийн дүгнэлт ерөнхийдөө бэлэн болсон. Ерөнхий дүгнэлтийг ээлжит бус хуралдаан зарлахаар бол танилцуулахад бэлэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-УИХ-ын даргаас 19 гишүүний нийтийн сонсгол зохион байгуулах бичиг авсан. 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 60 тэрбумтай холбоотойгоор нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын саналын дагуу хариу ирсэн. Тус бичигт тухайлсан шалгаж байгаа хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэл байхгүй учраас боломжгүй гэсэн. Ерөнхийлөгч мөн хариуг нь өгсөн. Гэтэл УИХ-ын 19 гишүүн дахин хандсан. Ерөнхийлөгчид нь болохгүй гэж хэлээд 19 гишүүнд болно гэж хэлж болохгүй. Ийм хүнд байдалд байна. Байнгын хорооны хуралдаанаар ямар ч гэсэн ярина.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Дэгийн тухай хуулийг хэлэлцэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл