8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: "УИХ-ын гишүүдийн ухамсаргүй байдлаас болж төсвийн мөнгийг гарлагадах гэж байна"

2018-06-29 12:17:23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Д.Хаянхярваа нараас чуулганы хуралдааны дэгийн тухай хоёр хуулийн төслийг өргөн барьсан юм. Хуулийн төсөлд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэж, С.Бямбацогт гишүүний өргөн барьсан төслийг суурь болгохоор тогтжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн, “Энэ асуудлыг заавал хуульчлах шаардлагагүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хүмүүс үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хуралдаан суух ёс зүйтэй байх нь зөв” гэлээ. Мөн тэрбээр гишүүнээр сонгогдсон хүмүүст Монгол Улсын түүх соёл, ёс заншил болон хуулиуд, хариуцлагын талаар сургалтад суулгадаг байх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "УИХ-ын гишүүд хурал тасалдаг, хоцордог, хүний өмнөөс кноп дардаг гэх мэт хариуцлагагүй үйлдлийг хийдэг. Уг нь энэ асуудлыг заавал хуульчлах шаардлагагүй. УИХ-ын гишүүд ухамсараараа хуралдаа суух ёстой. Гэтэл гишүүдийн хариуцлагагүй, ухамсаргүй байдлаас болж төсвөөс их хэмжээний мөнгө гарлагадах гэж байна. Тухайлбал, хурууны хээ уншдаг төхөөрөмжийг хэдэн  төгрөгөөр авах юм" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүд өөрөө болон хэвлэл мэдээллээр дамжуулан бусдыг гүтгэн доромжилсон тохиолдолд ямар хариуцлага тооцохоор тусгасныг М.Билэгт гишүүн тодрууллаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд энэ заалтыг оруулах боломжгүй. Харин Сонгуулийн тухай болон бусад холбогдох хуульд энэ чиглэлийн заалтыг оруулах боломж бий хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувь дэмжиж, батлав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Suka
HEREG HISEN HUMESER TULULECHEEE
2018/06/29 103.26.195.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment