8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ын билет хомсдож, ачааллаа дийлэхгүйд хүрээд байна

2018-06-29 14:10:39

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтыг сайжруулахын тулд агаарын харилцааг либералчлах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Тиймээс Засгийн газраас либералчлалын бодлогыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тэлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн үнийг бууруулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8, 3.9 дэх заалтыг “Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлах”, “Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх” хэмээн өөрчлөн найруулахаар тусгажээ.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ашигтай ажиллаж буй “МИАТ” компанийг хувьчлах шаардлага байгаа эсэхийг тодрууллаа. Мөн тэрбээр, “МИАТ”-ийг хувьчилснаар тус компанийн ашигтай тээвэрлэлт хийдэг нислэгийн шугамуудыг гадны агаарын тээвэрлэгчдэд алдах магадлалтай гэдгийг хэлсэн юм.

Ашигтай ажиллаж байгаа шугамуудыг гадаадын компаниудад бүрэн өгөх заалт байхгүй гэдгийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ сайд хариулав. Тэрбээр, “Өмнөх тогтоолд Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжин чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгч дангаараа нислэг үйлддэг байхаар заасан байсан. Үүний улмаас дээрх чиглэлийн билет хомсдож, ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Тиймээс энэ шугамуудад хоёрдогч компани нислэг үйлддэг боломжийг бүрдүүлэх зорилго тавьж байгаа юм. Ингэснээр иргэдийн зорчих урсгалыг бүрэн нээхээс гадна билетийн үнэ ч буурах боломж бүрдэнэ” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХҮЧЭЭ НЭГТГЭ
ХҮННҮ ЭЙР АЭРОМОНГОЛ ГЭЭД ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД ХҮЧЭЭ НЭГТГЭЭД ГАДНА ТАЛЫН НИСЛЭГТ ОРМООР БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТЭГВЭЛ Л ЁСТОЙ МОНГОЛЫН МИАТ БУЮУ БУСАД ГЭЖ НЭРЛЭГДЭХ КОМПАНИУД ГАРНА ШҮҮ ДЭЭ
2018/06/29 103.111.68.50