8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгойн төслийг баталлаа

2018-06-29 15:00:06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж, гишүүдийн 83.1 хувиар батлалаа. Үүгээр тогтоолын төслийг эцэслэн батлав. Засгийн газраас яаралтай дэгээр өргөн барьсан тул анхны хэлэлцүүлгээр батлах саналыг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан юм. Энэ дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.


Хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүд дараах  байр суурийг илэрхийлэв.

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Том төслийг хөдөлгөх нь эдийн засгийн хувьд өгөөжтэй, нэг нам олонх байгаа дээрээ хийж байгааг ч дэмжиж байгаа. Засгийн газрын энэ байр суурийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд бүгдээрээ санал гаргаж, дэмжүүлэх ёстой. Газрын доорх баялаг ард түмний өмнө ард түмний өмчид өгөх заалтыг оруулж ирсэн. “Эрдэнэс Монгол” өнөөдөртөө нүүрс тээвэрлэдэг л жижиг компани болсон учраас үр ашгаа өгдөг, том компани болгохоор санал оруулсан. Нэгэнт харилцан тохиролцож оруулж ирчхээд оруулж ирсэн асуудлаа унагаад байвал яаж бусад асуудал шийдэгдэх юм бэ. МАН-ын жаахан дүн нуруутай байж сур л даа. Улстөрчид гэхээр л холбирдог, арчаагүй байж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “УИХ-ын гишүүд ямар мэдээлэл муутай байдаг нь харагдаж байна. Би хуулийн төслүүдийг нэг бүрчлэн судалж, үзээд санал оруулсан юм. Энэ санал намуудын дунд маргаан үүснэ гэж бодсонгүй. “Эрдэнэс Монгол” компани өөрийн харьяалалд байгаа бүх компаниудаа төлөөлж, охин компаниудаа эргэлтэд оруулах ёстой. Гэвч өнөөдөр “Эрдэнэс МГЛ” компани Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг компани л болсон. Энэ заалтыг улс төргүйгээр энгийнээр ойлговол маш хэрэгтэй заалт” гэв. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Өнөөдрийн бидний гаргах шийдвэр бол олон жил уул уурхайн салбарт гацсан гацааг гаргах. Олонх нь улс төрийн шийдвэрт хүрээгүй байсаар ирснээс гацсан. УИХ-ын гишүүд үүний зөв бурууг шүүхгүй. Энэ тогтоол Засгийн газарт үүрэг өгөгдөж, Засгийн газар, ажлын хэсгийн хүрээнд АН-ын бүлэг хэлэлцэж, том алхам болно гэж улс төрийн ойлголцолд хүрсэн гэж бодож байна. Гишүүд ч гэсэн энэ талаас нь харах нь зүйтэй юм.  Өнөөдрийн санал хураалтын дүн цаашид уул уурхайн том ордууд хөдлөх эсэхийг шийдэх шийдвэр болно. Түүнээс улс төрчдийн хэрүүлийн бай болоод өнгөрөх вий" гэлээ. 

Түүнчлэн Ж.Мөнхбат гишүүн “Эрдэнэс Монгол”ын 34 хувийг хувьд шилжүүлэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэнд З.Нарантуяа гишүүн “Тарааж өгсөн материалаа сайн унш. Уншиж асуудлаар ойлгочихоод хүнийг хардаж юм  ярьцгаа” хэмээсэн юм.  Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын гурав хоногийн завсарлага авахыг хүслээ.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Энэ “Эрдэнэс Монгол”-ыг би үүсгэн байгуулж байсан. Одоо гишүүд З.Нарантуяа гишүүний  саналыг унагаснаар харин ч та бүхнийг аврах болов уу  гэж харж байна. Нэг асуудлаар дараалсан  завсарлага авсан тохиолдолд УИХ-ын дарга хүлээж авах эсэхээ өөрөө шийддэг. Тиймээс завсарлагыг хүлээж авалгүй шууд санал хураалт явууллаа” хэмээснээр гишүүдийн олонхи дэмжив. Ингэснээр тогтоолын төсөл эцэслэн батлагдлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment