8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр, суурь: Нэг гишүүнээ явуулж, Тавантолгойн хувь заяаг шийдсэн хаврын чуулганыг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэв

Сэтгүүлч Т.Хулан
2018-07-02 10:03:00

Бүтэн хоёр сар хуралдсан хаврын чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийв. Нэг гишүүнээ явуулж, Тавантолгойн төслийг баталсан гэх мэт түүхэн хэд, хэдэн шийдвэр гаргасан энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэснийг хүргэе.

Хаврын чуулган үр дүнтэй байж чадсан уу.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Энэ парламент илүү сайн ажилласан 

- Статистик тоон үзүүлэлтийг харахад энэ парламент өмнөх парламентаас баталсан хуулиараа 53 хувиар илүү байна. Энэ нь уг парламентыг сайн ажилласан байна гэдгийг илтгэж байгаа юм. Мөн хаврын чуулганы хугацаанд маш олон том хуулиуд дээр ажилласан. Тухайлбал, Улсын бүртгэлийн багц хууль, Татварын багц хууль байна. Татварын багц хуулинд нэлээдгүй өөрчлөлт орсон. Аж, ахуй нэгжийн татварын хуулинд миний хувьд өөр байр, суурьтай байсан. Тухайлбал, энэ хууль аж, ахуй нэгж бүрт ижилхэн үйлчлэх ёстой гэх байр, суурьтай байгаа. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөнгөлөлт үзүүлээд бусдад нь хүндрэлтэй байж болохгүй. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Улсын нийгэм эдийн засагт томоохон түлхэц өгөх төсөл бол Тавантолгой юм. Тавантолгойн төслийн хувьд 30 хувьд нь IPO буюу олон улсын зах зээлд хөрөнгө босгох ажиллагааг хийхээр төлөвлөж байгаа. Энэ мэт олон чухал асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Эвтэй байх гэх малгайн дор хууль бус зүйлийг нууж болохгүй

- Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нэн хариуцлагатай шийдвэрийг гаргалаа. Одоо IPO босгох ажлын бэлтгэл хийгдэх байх. Ойролцоогоор нэг жилийн дараа монголчууд газрын баялгийн үр дүнг мэдэрч эхлэх байх.Хувьцаа үүсгэх замаар хөрөнгө босгож эдийн засгийг эрчимжүүлэх, дэд бүтцийн төслүүдийг  хөдөлгөх, ажлын байрыг бий болгох боломж бололцоо бий болно. Өнөөдөр 10 сая тонн нүүрсийг чадан, ядан гаргаж байгаа. Энэ тоо 3-8 дахин өснө гэсэн төлөвлөгөө байгаа. Мөн зөвхөн түүхий нүүрс зарах бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадны улсуудад гаргах боломжийг нээж өгсөн хариуцлагатай шийдвэрийг УИХ-аар гаргалаа. Нэг харамсалтай зүйл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хууль санаачилна “ гэж амласан. Энэ хүрээндээ миний бие зургаан салбарыг хэвтээ тогтолцоо руу шилжүүлэх ажил эцэслэгдэж байна. Энэ бол төвлөрлийг сааруулах чиглэлээр хийсэн том ажил боллоо. Мөн Бүртгэлийн тогтолцоог цоо шинээр шинэчлэн батлах ажил хийгдлээ. УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт орууллаа. Энэ мэт хаврын чуулган эдийн засагт өөрчлөлт авчрах, төрийн сахилга батыг дээшлүүлэх, аж, ахуй нэгжүүд, хувь хүмүүсийн бүртгэлийн харилцаанд орох үйл явцыг төгөлдөржүүлсэн хуулиудыг баталлаа. Бид одоо Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.Намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гэх мэт чухал хуулийг хэлэлцэнэ. Цаашид эрх баригчид эвтэй байх ёстой. Гэхдээ эвтэй байх гэх малгайн дор хууль бус зүйлийг нууж болохгүй.

УИХ-ын гишүүн  М.Билэгт: Ачаалал ихтэй хуралдаан боллоо 

- Энэ хаврын чуулган ачаалал ихтэй өнгөрлөө. УИХ-ын гишүүд ч хуулиудаараа нэлээн их мэтгэлцлээ. Хэдий чинээ их мэтгэлцэнэ төдий чинээ хууль чангарна гэж би боддог. Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай гэж би үздэг.

УИХ-ын гишүүн Л.Болд: Хаврын чуулганыг үр дүнгүй өнгөрөөлөө 

- Хаврын чуулганы нийт хугацааны 70-80 хувийг үр дүнгүй өнгөрөөлөө. Хэлэлцэх асуудалгүй, бие даасан хуулийг баталж ч чадсангүй. Хаврын чуулганы төгсгөлд л цөөн хэдэн хуулийг баталж гаргалаа. Хэлэлцэх асуудалгүй мэт явж байгаад гэнэт олон том асуудлыг шуурхайлаад шийдчихлээ. Төмөр замын бодлого, Иргэний нисэх, Тавантолгойн хувь заяаг шийдсэн.С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой гаргах шийдвэрүүд орхигдоод эхэллээ. Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгой гэх мэт томоохон ордуудыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарсангүй. Ер нь гишүүдийн санаа бодлыг сонсохгүй явж байгаад гэнэт олон хуулйийг баталлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment