8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Дамба-Очир: Бага хүүтэй, их хэмжээний, том төслүүдийг санхүүжүүлэх банкийг оруулж ирснээр зээлийн хүү буурна

2018-07-02 15:33:17

Эдийн засгийн байнгын хороо 2018 оны хаврын чуулганд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.  Эдийн засгийн байнгын хороо энэ хаврын чуулганаар 14 удаа хуралдсан бол ажлын хэсгүүд нь 30 гаруй удаа хуралджээ. Хаврын чуулганы хугацаанд 30 гаруй асуудлыг хэлэлцэж, 32 санал дүгнэлт бэлдэж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулсан байна.  Энэ хугацаанд дөрвөн хууль, долоон тогтоол, олон улсын дөрвөн гэрээ хэлэлцээрийг батлуулжээ. Тус байнгын хороо 2017 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2019 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг бэлтгэх, татварын орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон ажил хийжээ. Хамгийн сүүлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, 30 хувийг нь олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах тогтоолын төслийг УИХ баталсан. Үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, томоохон төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлсэн гэж байнгын хорооны дарга онцоллоо.

Мөн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хихн гол ажлын нэг нь банкны салбарын хуулиуд болон банкийг тогтворжуулах хууль юм.  2018 оны сүүл хүртэл банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаа өгсөн. Арилжааны банкуудад зургаан сарын хугацаа өгөөд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах боломж өгнө. Үүний дараа өөрийн хөрөнгө нь хэмжээндээ очоогүй бол төр хувийг нь шууд хураамж авах юм. Энэ бол банкны салбарын тогтвортой байдлыг хангах чухал гэдгийг тодотгов.

Байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Төрийн өмчийг цэгцтэй болгох асуудлыг шийдсэн. Ашиглахгүй байгаа төрийн өмчийг орон нутагт нь буцаах, замбараагүй ашиглаж байгаа төрийн өмчийг цэгцлэх, тооллого хийх, хамгаалалт, хяналтыг сайжруулах тогтоолыг баталж өгсөн. Агаарын харилцааг сайжруулах үүднээс МИАТ-ын асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн ашигтай чиглэл рүү ганц хоёрхон газар тээвэр хийж байна. Есдүгээр сар хүртэл тасалбар олдохгүй, үнэ нь өндөр байгаа учраас өөр компани нисэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой, “Эрдэнэт үйлдвэр” дээр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгойн ажлын хэсгийн ажил үндсэндээ дуусч байна. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. Тиймээс ирэх намрын чуулганаар энэ хоёр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Чуулган завсарласан хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын банкны ажлын хэсгийг ажиллуулах гэж байна. Гаднын хөрөнгө оруулалтын банкийг Монголд оруулж ирж болох хуулийн нөхцөлийг бүрдүүлж өгнө. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа бага хүүтэй, их хэмжээний, том төслүүдийг санхүүжүүлэх банкийг оруулж ирнэ. Ингэснээр зээлийн хүү буурах юм. Мөн Орос Монголын хамтарсан төмөр зам дээр очиж ажиллахаар төлөвлөөд байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Нийт зээлийн 70 гаруй хувь хэрэглээний, өрхийн амьжиргааны зээл байна. Гэтэл зээлийн хүү өндөр байна. Зарим газар өндөр хүүтэй өдрийн зээл бий болсон байна. Тиймээс гишүүд энэ хуулийн төслийг дэмжээд хэлэлцээд эхэлсэн. Мөн манай эдийн засгийн гишүүд Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгох хуулийн төслийг өргөн барьсан. 300 гаруй мянган бага ангийн хүүхэд үдийн хоолонд хамрагддаг. Олон жил үдийн цай байсныг үдийн хоол болгох ёстой гэж үзэж энэ хуулийн төслийг өргөн барьсан" гэлээ.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн валютын зохицуулалтын тухай хуулийг буцаасан. Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байсан. Ямар шалтгаанаар УИХ-ын чуулган дэмжээгүй юм бэ?

-Валютын зах болон бусад газарт олон замбараагүй ченж ажиллаж байна. Олон газар валют авч, гүйлгээ хийж байгаа. Энэ бүдгийг цэгцлэх үүднээс Валютын зохицуулалтын хуулийн төсөл оруулж ирсэн. М.Оюунчимэг гишүүн бас ийм хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгээд, хэлэлцээд явъя гэж үзсэн. Оюутолгойн мөнгийг Монголоор дамжуулах нь чухал. Гэхдээ Монголбанкаар арилжааны банк шиг дамжуулах уу, гэдгийг судлах ёстой.  Монголбанкин дээр данс нээхээр ямар хүндрэл гаргах вэ, Монголбанк арилжааны үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777777
Валютын зах болон бусад газарт олон замбараагүй ченж ажиллаж байна. Олон газар валют авч, гүйлгээ хийж байгаа. Энэ бүдгийг цэгцлэх үүднээс Валютын зохицуулалтын хуулийн төсөл оруулж ирсэн.ЭНЭ МАШ ЗӨВ
2018/07/03 202.55.191.205
  • Recent
  • Most Read
  • Most Comment