8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Үндсэн хуулийн өөрчлөлт болон өөр бусад чухал асуудал тодорхой болсон өдөр

2018-07-02 19:41:00

Нар, хур тэгширсэн наадмын өмнөх энэ өдрүүдэд уншигчид та бүхэн амрах өдрөө хүлээн сууна уу. Энэ өдөр эх оронд маань олон чухал үйл явдал тохиосныг Чухал.мн сайт цаг алдалгүй шуурхай та бүхэндээ хүргэлээ. Эдгээр үйл явдлаас хамгийн чухалыг тоймлон хүргэе.


ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ

Батлагдсан цагаас нь хойш дорвитой өөрчлөлт оруулаагүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээдэл хийлээ. Манай үндсэн хуулийг орчин үетэйгээ толхилцсон учраас шинэчлэх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг 67 гишүүн дэмжсэн байна. Хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ. Санал авах хугацаа 30 хоног бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирсний дараа хуулийн төсөлд боловсруулалт хийн, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа аж. УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтуудыг оруулж байгаа гэнэ.  Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн давхар сайд байх тоог бууруулах зэрэг заалтуудыг оруулжээ.  Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгажээ. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгасан байна.

Сонгууль бүрийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээг хязгаарлах зорилгоор төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж байгаа гэнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан " -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар маш хүлээцтэй хандаж, долоо хэмжиж, нэг огтолж, тооцоо, судалгаатай боловсруулах зарчмын баримталж ажилласан. Зарим хүмүүс нэмэлт, өөрчлөлтийн төслийг удааж болохгүй, энэ нь өөрөө хор уршигтай гэж бодож байгаа. Шүүмжлэх хүмүүс ч байна. Үндсэн хууль бол Монголын нийгэмд маш том түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Б.Чимид багшийн хэлснээр “Хамаагүй судас, шөрмөсийг нь тасалбал, бусад эрхтэндээ шархлаа үүсгэдэг” гэж хэлж байсан. Тиймээс маш болгоомжтой хандаж ирсэн. Үндсэн хуульд ёсны хөгжлийн асуудлаар  дэлхийн эрдэмтэд маш нарийн нягталж, өөрчлөлтийг үе шаттайгаар явуулбал эрсдэл бага гардаг гэдэг. Эхний ээлжинд 35 хувьд багтааж, дээрх гол өөрчлөлтүүдийг хийж, шүүмжлэл дагуулж байсан долоо өөрчлөлтийн нэг хэсгийг уг эхээр нь сэргээж байгаа.  Мөн Засгийн газрын тогтвортой байдал, улс орны хөгжлийн  бодлогыг тогтвортой урагш нь авч явахын тулд парламентын гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт гарцаагүй зүйлүүдэд өөрчлөлт оруулж байгаа. Ардчилсан намын гишүүд идэвхтэй оролцож байгаа.  Зарим нэг асуудлаар тохиролцох, зөвшилцөх асуудал гарах  байх гэж бодож байна. Бид эцсийн эцэст олон нийтийн хэлэлцүүлэг дээр, иргэдийн санаа бодолд тулгуурласан" гэсэн юм. 

ГАДНЫ БАНКИЙГ ОРУУЛЖ ИРЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнөөдөр мэдээлэл хийж “Манай байнгын хороо чуулган завсарласан хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын банкны ажлын хэсгийг ажиллуулах гэж байна. Гаднын хөрөнгө оруулалтын банкийг Монголд оруулж ирж болох хуулийн нөхцөлийг бүрдүүлж өгнө. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа бага хүүтэй, их хэмжээний, том төслүүдийг санхүүжүүлэх банкийг оруулж ирнэ. Ингэснээр зээлийн хүү буурах юм”  ГЭЛЭЭ.

Дотооддоо үгсэн хуйвалдаж зээлийн хүүгээ өндөр тогтоож иргэдийг шулж байгаа гэх банкуудын үйлдлийг цэгцлэх нэг томоохон хүчин зүйл нь энэ. Тиймээс ч зарим эдийн засагчид аль эртнээс гадны банкийг оруулж ирэх ёстой гэдэг байсан билээ.


АСЕМ-тай дүйцэх ҮЙЛ ЯВДЛЫН ӨМНӨХ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ

Манай улсад энэ 3-6-ны өдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болох гэж байна. АСЕМ-тай дүйцэх уг үйл явдлын өмнө нийслэл хотын замын хөдөлгөөнд бага зэргийн зохицуулалт хийх шаардлагатай болсныг албаны хүмүүс мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Энэ үйл явдлаас үүдэн маргаашнаас эхлэн гурван өдөр хотын төвийн зарим замыг хаах аж. Уг хуралд Ази номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны, 3000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Үүнтэй холбогдууланЗамын цагдаагийн албанаас төв зам дагуух хэсэгчилсэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах болсныг анхаарууллаа. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Маргаашнаас эхлэн энэ сарын 6-ныг хүртэл НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал болох гэж байна. Энэхүү хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Мөн энэ үеэр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа аж. 

Харин ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “ Энэхүү хурал бол АСЕМ-тэй дүйцэхүйц тийм үйл ажиллагаа болно.  Хурлын үеэр үүсэх ачааллыг бууруулах зорилгоор Замын  цагдаагийн газартай зөвшилцсөний дагуу Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн ойролцоох замуудыг хэсэгчлэн хаахаар болсон. Энэ үеэр иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээсээ татгалзахыг зөвлөж байна. Бидний зүгээс  ч удаан хугацаагаар зогсоогүй байх арга хэмжээг авч ажиллана. Тиймээс иргэдийгээ бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Мөн энэ 3-4 хоногийн хугацаанд иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна. Учир нь энэ өдрүүдэд замын хөдөлгөөн маш ачаалалтай байх нь тодорхой байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй иргэд ФМ 96.3, 88.8, 100.5, 100.1-г сайн сонсож байх хэрэгтэй. Эдгээр радио фм-үүдтэй бид хамтарч ажиллаж байгаа. Замын цагдаагийн албаны явуулын станц тогтмол мэдээлэл өгч байх юм" гэлээ.


САЙХАН МЭДЭЭ

Монголчуудын уламжлалт баяруудын нэг Эрийн гурван наадам ердөө ес хоногийн дараа болох гэж байна. Баярын өдөр ямар үйл явдал хаана болох талаарх мэдээлэл өнөөдөр олон нийтэд ил боллоо.

Наадмын баярын хөтөлбөрийг ЭНД дарж уншина уу.

ЧУХАЛ.МН  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment