Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос өнөөдөр сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Тэд өчигдөр мэдээлэл хийж, хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн билээ. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл есдүгээр сарын нэгэн хүртэл цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй хэмээн тодотгоод байгаа юм.
Өнөөдрийн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Эмнэлгийн ажилчид сүүлийн зургаан сар, цаашлаад дөрвөн жил бүсээ чангалж хүлээлээ. Одоо юу хүлээлгэх гэсэн юм бэ. Үүнээс цааш бид сөөм ч ухрахгүй. Хэлэлцээр хийгддэг ч хэрэгждэггүй, 4-5 жил хуурлаа. Одоо болно. Таван сард салбарын хэлэлцээр байгуулаад сар гаруй хугацаанд хүлээлгэлээ. Биднийг ажил хаяж чадахгүй гэж Засгийн газар басамжилж байна. Үйлдвэрчний эвлэл, тэр дундаа хөдөлмөрчдийн хийж буй ажил хаялт хуулийн хүрээнд хийгдэж байгаа. Тиймээс ажил хаялтад оролцсоноор дарамт шахалт ирэх ёсгүй. Хэрэв дарамт шахалт ирвэл баримтжуулаад салбар, хороонд ирүүлнэ. Түүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж онцлов.
Эмч нарын зүгээс ажил хаялтын түр хороог есөн гишүүнтэй байгуулжээ. Тэдний төлөөллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүлээн авч уулзах хүсэлт тавьсан байна. Тэд өнөөдөр 13.00 цагт уулзах аж. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид ажил хаяхад 21 цаг үлдлээ шүү гэдгийг эрх баригчдад сануулсан юм.