Тайванийн Тайнан хотод хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас таван хүн амь насаа алдаж, 150 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Манай улсаас олон тооны иргэн Тайваньд сурч, ажилладаг билээ. Гадаад хэргийн яамнаас өгсөн мэдээллээр, Тайваньд нийт 1100 гаруй Монгол Улсын иргэн ажиллаж, амьдардаг ба тэдний дотор 650 оюутан байгаа гэжээ. Азаар ихэнх сургуулийн өвлийн амралт таарсан учир газар хөдлөлт болох үеэр дийлэнх оюутан нутаг буцсан байжээ. Харин газар хөдлөлт болох үеэр нийслэл Тайпей хотод 20-30 монгол оюутан байсан бөгөөд дотуур байрных нь хана, тааз бага зэрэг нурж, оюутнууд байрнаасаа гарсан байна. Гэхдээ бэртгэж гэмтсэн зүйл байхгүй ажээ.