Нарлаг сайхан өдрийн мэндийг уншигчдадаа хүргэе. Хорвоогийн нэг өдөр улиран одож бидний амьдралын түүхийн хуудас нэг хуудсаар зузаарсан энэ өдөр Монгол оронд ямар үйл явдал тохиосныг тоймлон хүргэж байна.
ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ- МАНАЙ САЙТАД ОНЦОЛСОН МАТЕРИАЛЫН ТОЙМЫГ ХҮЛЭЭН АВЧ УНШИНА УУ.
Сүүлийн өдрүүдэд томчууд, эцэг эхчүүдийн хайхарамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох хэрэг их гаргах боллоо. Бяцхан үрс юунд буруутай гэж ингэж хохирно вэ. Өдөр бүр хүүхэд хохирсон аймшигт хэргүүд гарсаар байхад төр засгаас тэднийг хамгаалах тусгай бодлого ч үгүй сууж байна.
Өнгөрсөн сард бяцхан хүү хөл бөмбөгийн хаалганд даруулж бас нэгэн хүү тоглож яваал тогонд цохиулж өөр хөөрхөн охин, хүү эцэг, эхээсээ төөрч нас барсан. Мөн Баянхонгор аймагт төрийн албан хаагч таван настай охиныг хүчиндэхийг завдсан гээд сэтгэл өвтгөм хэргүүд гарсан. Энэ бол олонд ил болсон хэрэг. Харин шинэ сар гарав уу үгүй юу мөн л хөөрхий үрсийг гэмтээсэн, хохироосон хэргүүд гарч эхэллээ.
Энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт 22.00 цагийн үед Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч 13 настай эрэгтэй, долоон настай эмэгтэй хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Нас барсан хүүхдүүд төрсөн ах дүүс байжээ. Хүүхдүүд зайрмаг авахаар гараад ийнхүү осолд өртсөн байна. Дүү нь газар дээрээ нас барсан бол ах нь түргэний машинд эмнэлэг рүү явах замдаа амьсгал хураажээ. Осол гаргасан жолоочийн хувьд 23 настай. Тэрбээр мэдүүлэгтээ “Өчигдөр орой тоосгоны эцсээс дамбын эцэс рүү найзынхаа хамт явж байсан. Тухайн үед зам дээр гэнэт хоёр хүүхэд гүйгээд гараад ирсэн.Тэгээд осол гарсан. Машинаасаа буугаад хүүхдүүдэд хиймэл амьсгаа хийх гэж оролдсон” гэжээ. Жолоочийн хувьд осол гардаг орой 70-80 км цагийн хурдтай явж байсан бөгөөд согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан байна. Тэгэхээр уг жолооч нь "Хороолол дотор 60 км цагийн дээд хурдтай явна" гэх дүрмийг зөрчсөн байна.
Угтаа бол аюулгүй байдал, болгоомжлох үүднээс хороолол дотор 60 км цагаас ч бага хурдтай явах нь зүйтэй юм.
ТОМЧУУД МИНЬ НҮДЭЭ НЭЭГЭЭЧ. Жолооч нар ОЙР ХАВЬД ТАНЬ ХҮҮХЭД ХАРАГДВАЛ ХУРДАА ХАСЧ СУРААЧ. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо машины уралдаанд оролцож буй мэт хурдалдаг. Мөн гарцан дээр явган зорчигчдод зам тавьж өгөх нь бүү хэл дайрах шахам өнгөрдөг. Энэ мэт бүдүүлэг авираа өөрчилж дүрмийн дагуу соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцвол хэн, хэн нь хохирохгүй үлдэж болно.
Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарал, сэрэмжээ дээшлүүлж үргэлж тэднийгээ хамгаалах хэрэгтэй гэдгийг эдгээр харамсалтай хэргүүд харуулж байна. Арав хүртэлх насны хүүхдийг бие даан болон насанд хүрээгүй харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулдаг.
ӨНӨӨДӨР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ЭНЭ САРЫН 9, 10-НЫ ӨДРИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЭД ДЭМЖСЭНГҮЙ
ТОДРУУЛБАЛ, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхийг хэлэлцсэн ч Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй байна. Амрах нь хувийн хэвшилд халтай, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагууд наадмын өмнөх өдрүүдэд хариуцлага өндөртэй ажиллах ёстой гэж үзжээ.
АХМАДЫН "НАСНЫ ХИШИГ"-ИЙН МӨНГИЙГ ӨГӨВ
Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын өмнө, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгодог. Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өмнө 125 мянган ахмадад насны хишиг олгох юм байна.
Насны хишиг олгохоор бүртгэл дууссан. Харин Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусгахаар болжээ. Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авах юм байна.
Насны хишгийг дараах байдлаар олгож буй.
- 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
- 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
- 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
ОНЦЛОХ ТОДРУУЛГА
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ИХЭЭР ГАРЧ МАШ ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДСОН ГЭХ ДАРХАНЫ ЗАМЫГ БҮРЭН ЗАСВАРЛАХ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ШИЙДВЭРЛЭСЭН. ТЭГВЭЛ УГ АСУУДЛААР ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ДООРХ ТОДРУУЛГЫГ ӨГЛӨӨ.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан Улаанбаатарын замыг шинэчлэнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг УИХ-аар батлагдсан. Энэ санхүүжилтээр Улаанбаатар, Сэлэнгэ чиглэлийн авто замын шинэчлэнэ. Улаанбаатар, Дархан чиглэлийн авто замд даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчлэнэ, өргөн болгоно. Намар эсвэл ирэх хавраас автозамын ажил нь эхэлнэ.
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯХАА БОЛИВ
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд улс орон даяар ажил хаялтыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр ажил хаялтын талаар шуурхай хуралдаан хийсэн байна. Энэ талаар Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийлээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар "Өнөөдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээж авч уулзсан. Энэ уулзалтаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийн дөрвөн бүлэг, 24-г нь бүртгэж авснаа мэдэгдсэн. Бид хүлээцтэй хандаж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцлийн эцсийн зорилго нь ажил хаялт биш.
Тиймээс Ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн түр хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ эрүүл мэндийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөнөө зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Хууль санаачлагчид, эрх баригч нар аливаа нэгэн хэлэлцээрийн зүйл заалтыг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр сугалж авч байгаа энэ байдалтай бид эвлэрэхгүй. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилтнууд өргөсөн тангарагтаа үнэнч байна" гэлээ.
ЧУХАЛ.МН