8o
Улаанбаатар хот
mobile menu

Гамшгийн хохирлыг арилгахад жил бүр 340 тэрбум доллар зарцуулж байна

2018-07-05 13:00:00

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал өнөөдөр “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт онцлох хуралдаанаар үргэлжилж байна.

Монгол улсын Засгийн газрын санаачилгаар онцлон зохион байгуулж буй энэхүү хуралд оролцогчдын зүгээс гамшгийн эрсдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад гамшигт тэсвэртэй барилга байгууламж, дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолж байв.

Дэлхийн хүн амын тэн хагас хот, суурин газарт амьдарч байгаа юм. Тиймээс гамшигт өртсөн хот, суурин газруудад учрах хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг БХБ-ын сайд Х.Бадельхан дурьдлаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа юм. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар Монголын нийт хүн амын 46 хувь аж төрж буй Улаанбаатар хотын барилга байгууламжуудын газар хөдлөлтөд тэсвэртэй байх нөхцөл байдлыг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амсьгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд тодорхой санал, санаачилга гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бусад улс орноос туршлага судлах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Дэлхий нийтэд жил бүр гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 340 тэрбум ам.доллар зарцуулдаг бөгөөд үүний 66 хувь нь барилга байгууламж, дэд бүтэцтэй шууд холбоотой байдгийг БНЭ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Нарийн бичгийн дарга, доктор П.К.Мишра онцлов. Азийн улс орнууд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд ойролцоогоор 1.7 их наяд ам.доллар зарцуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргасныг мөн танилцуулсан юм. БНЭУ-ын Ерөнхий сайдын зүгээс Гамшигт тэвсэртэй дэд бүтцийг хөгжүүлэх улс орнуудын эвсэл байгуулах санаачилга гаргасан бөгөөд энэ хүрээнд тусгайлсан сан байгуулж 10 сая ам.доллар байршуулжээ. Уг эвсэлд Ази тивийн төдийгүй дэлхийн бусад улс орнууд нэгдэж, уг санд мөн тодорхой хөрөнгө байршуулна гэдэгт итгэлтэй байгааг ноён П.К.Мишра дурьдаад, уг сангийн хөрөнгийг гамшигт тэвсэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгааг хэлсэн юм.

Мөн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж, бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орон болсныг танилцуулав. Энэхүү хөтөлбөрт гамшигт тэсвэртэй аюулгүй, хотыг бий болгохын тулд заавал хэрэгжүүлэх 10 үндсэн чиглэлийг тодорхойлсон юм.

Монгол Улсад 2010-2017 онд газар хөдлөлтийн 30 мянга гаруй чичирхийлэл бүртгэгдсэн байна. Харин 2010-2018 онд Улаанбаатар хотын ойролцоо 8200 чичирхийлэл мэдрэгджээ. Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолын хүрээнд Улаанбаатар хотын барилга, байгууламжуудад газар хөдөлт тэсвэрлэх үнэлгээ хийсэн байна. Энэ үеэр нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь газар хөдлөлтийн үед нурах эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн бөгөөд дийлэхийн хуучны орон сууцнууд эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд 30-60 мянган хүн амиа алдах магадлалтай тул барилга байгууламжуудыг гамшигт тэсвэртэй болгох чиглэлээр холбогдох дүрэм журам, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр илтгэлдээ онцоллоо.

Гамшигт тэвсэртэй дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хувийн хэвшлийн оролцоог хангах, дэмжих шаардалгатайг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч, Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын  тэргүүн Мами Мизутори онцлов. Хувийн хэвшил ашигтай ажиллахын тулд аливаа бүтээн байгуулалтыг аль болох өртөг багатайгаар хийдэг нь гамшгийн улмаас урчах хохирлыг улам бүр нэмэгдүүлж буй юм. Тиймээс аль болох чанартай бүтээн байгуулалт хийх чиглэлд хувийн хэвшлийнхнийг дэмжих хэрэгтэй. Мөн өртөг өндөртэй, чанартай хийсэн бүтээн байгуулалт нь ойрын хугацаанд биш ч холын ирээдүйд улс оронд төдийгүй тухай хувийн хэвшилд ашигтай гэдгийг ойлгох нь чухал гэлээ.

Мөн үеэр БНЭУ-ын Гамшгийн менежментийн үндэсний байгууллагын гишүүн, доктор Камал Кишор, “Азийн бүс нутагт үер болон газар хөдлөлтийн гамшиг түлхүү тохиолддог. Улс орнууд гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр тодорхой бодлого гаргаж байгаа ч хийж, хэрэгжүүлж байгаа нь хангалтгүй байна. Дэлхий нийтэд 2050 хүртэл хотжилт эрчимтэй үргэлжилнэ. Тиймээс өдөр ирэх тусам өргөжин тэлж буй хотуудын аюулгүй байдлыг хангахын тулд барилга байгууламж болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад тавих шаардлага, стандарт, норм дүрмийг шинэчлэх шаардлагтай. Энэ чиглэлд ч хувийн хэвшлийн идэвх оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Энэхүү хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинээр үүсэх эрсдлийг бууруулах, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулах замаар Дэлхийн тогтвортой хөгжлийг хангах арга замыг тодорхойлохоос гадна улс орнуудын тэргүүн туршлагыг судалж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment