Монгол Ардын хувьсгалт намын ээлжит бус их чуулган маргааш буюу долоодугаар сарын 07-ны 09 –цагаас “Улаанбаатар палас”-ын их танхимд болох юм байна.
Чуулганаар МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэмд тодорхой өөрчлөлт оруулах, мөрийн хөтөлбөрийн заалтуудыг цаг үетэйгээ холбогдуулан шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн намын дотоод зохион байгуулалтын асуудал болон намын удирдах албан тушаалтнуудыг сонгох, төр иргэдийн дунд тулгарч буй асуудлаар илтгэл тавьж чуулганы гишүүдээр хэлэлцүүлэх юм байна. Хуралд Монгол улсын бүх сум, нийслэлийн дүүрэг хороодоос 1044 төлөөлөгч оролцоно.
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр “Энэ удаагийн ээлжит бус чуулганаар бүх сум, хороо, дүүргүүдээс бага чуулганаар баталсан дүрмийнхээ дагуу төлөөлөгчдөө сонгосон байгаа. Тэр утгаараа энэ удаагийн чуулган үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа гэдгийг хэлье. Миний хувьд бол Хэнтий аймгийн сонгуульд нэр дэвших тухай асуудлыг намын бага чуулганаар шийднэ. Та бүхэн мэдэж байгаа. 2012 оны сонгуульд намайг боловсролгүй гээд оруулаагүй. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд боловсрол дээшлүүлэхийн төлөө нэлээн зүйл хийсэн. 2017 онд хүмүүжилгүй гээд оруулаагүй. Сүүлийн нэг жил манай намын хамт олон болон ард түмэн маань намайг хүмүүжүүлсэн. Тиймээс энэ жилийн намын сонгуульд ямар нэгэн асуудал үүсэхгүй байх гэж бодож байна” хэмээн ярилаа.