8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдэд зориулсан ЗУРГААН ТЭРБУМ төгрөг хаачив

2018-07-09 11:31:00

Хүүхэдтэй холбоотой сэтгэл сэрдхийлгэм, хүнд мэдээгүй өглөөг угтаж буйдаа баяртай байна.

 Гэхдээ бидэнд мэдэгдээгүй ч хаа нэгтээ хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, гэр бүлийн хүчирхийлэлд автаж байж болно. Тиймээс хүүхдийг хамгаалсан, тэдэн рүү хандсан үйл ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэдгээ байнга анхаарах нь зүйтэй юм. 

Хоёр хоногийн дараа баяр болно гэж хөөрцөглөөд хорь хоногийн өмнө хүүхэд хохирсон хэргүүдийг бид мартаж болохгүй.  Өнгөрсөн сард л гэхэд ямар аймшигтай хэргүүд гарсан билээ дээ. Дахин нэг ч хүүхдийн амийг алдахгүйн төлөө ажиллаж эхлэх цаг болсныг эдгээр хэргүүд сануулсан.

Эцэг, эхчүүд, томчуудын хайрамжгүйгээс үүдэн бяцхан үрс хорвоог орхисон олон хэрэг өнгөрсөн удаад гарсан.

Мөн эцэг, эхээс шалтгаалахгүйгээр зөвхөн хариуцсан ажлаа сэтгэлгүй хийдэг албан тушаалтнуудаас болж олон хүүхдийн амь нас эрсдсэн.

Найзуудтайгаа тоглож байсан хүү, дугуй унаж өөрийгөө хөгжүүлсэн охин тогонд цохиулж хорвоог орхисон нь 100 хувь албан тушаалтнуудын хариуцлагагүйгээс үүдэлтэй.

АЛБАН ТУШААЛТНУУД ГЭЖ ХЭН БЭ?

Хэдхэн хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан хүүхэд тогонд цохиулсан мэдээллийг тус газрын дарга /том албан тушаалтан/ С.Эрдэнэтуул нуусан гэх мэдээлэл байна. Энэ албан тушаалтан хариуцлагагүй ажилласнаа хүүхэд тогонд цохиулчихаад байхад хүртэл нуужээ. ХОЁР ХҮҮХЭД ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДСАНЫ ДАРАА ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД САЯ НЭГ ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДААС ТАЙЛБАР СОНССОН. ЭНЭ ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Л.Эрдэнэчулуун УБЦТС-д удаа хариу мэдэгдэл хүргүүлсэн ч нэг ч удаа хариу өгөөгүй гэсэн тайлбар хийсэн.

Тэрбээр “Бид хэрэглэгчдэд хяналт тавьдаггүй. Удаа дараа ийм зүйл гарлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани энд буруутай. Бидний шаардлагад нэг ч удаа хариу өгөөгүй” гэх тайлбар хийв.

Мэдээж тогны асуудлыг тогны мөнгө авдаг байгууллага нь хариуцах нь зүйн хэрэг. Гэхдээ түүнд нь мэргэжлийн хяналт ч байнга хяналт, ШАЛГАЛТ ХИЙЖ ажиллах ёстой. Гэтэл хаа, хаанаа хариуцлагагүй ажиллачихаад хариуцлага хүлээхдээ хүрэхээд бие, бие рүүгээ буруугаа чихэх нь ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭЭС БУЛТАЖ БУЙГ ИЛТГЭНЭ. .

Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлдэг. 

Дэд тэргүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажилладаг. 

Харин ажлын албаны даргаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх ажиллаж байна. 

Мөн бүх шатны Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах зөвлөлийг тэргүүлдэг байна. Тэгэхээр Хотын дарга С.Батболд болон бүхий л дүүрэг, аймгийн засаг дарга нар хүүхдийн эрхийг хангахад үүрэг оролцоотой ажиллах ёстой байх нь.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Аз жаргалтай”  нэрлэсэн хотдоо хүүхдүүдийг аз жаргалгүй байлгаж байна. 

Ер нь бол цахилгааны утас нь ил гарсан шонтой, онгорхой траншейны нүхтэй гээд хаа сайгүй хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн хотын үйл ажиллагааг Хотын даргаас өөр хэн хариуцах юм бэ.

Хүүхэд Үндэсний цэцэрлэг хүрээлэн, паркид тоглож байгаад бэртэж, гэмтэж буйд таниас өөр хэн хариуцлага хүлээх вэ.

Таны ажлаа муу хийсний, холбогдох албан тушаалтнуудтайгаа уялдаа холбоогүй ажилласныг хүүхэд амь насаараа төлсөөр байх уу гэдэгт хариулт авмаар байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн "том албан тушаалтнууд" болон Засаг дарга нар цаашид хүүхэд хамгаалах чиглэлээр ямар ажил хийх гэж буйгаа танилцуулна уу. 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН 6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧИВ

Хүүхдийн осол, эндэгдэл ихээр гарах болсон учраас хүүхэд хамгаалах төсөв мөнгийг нэмэгдүүлж 2018 онд хүүхэд, хамгаалал хөгжилд нийт 6.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон.

Хүүхэд  хамгаалал, хөгжлийн мөнгийг нэмэгдүүллээ хэмээн хэвлэлийн бага хурал хүртэл хийж хөөрцөглөж явсан УИХ-ын эмэгтэй гишүүд энэ мөнгө юунд, яаж зарцуулагдаж байгааг эргэн мэдэгдэнэ үү. Уг мөнгийг ямар байгууллагад яаж хувиарлаж өгсөн юм. Хэдээр нь хэн юу хийгээд явааг  өнөөдөр тодорхой мэдэгдэх ёстой.

2018 оны эхний зургаан сарын байдлаар гадны нөлөөт шалтгаанаар 110 хүүхдийн бяцхан зүрх зогсчээ. 2017 оны жилийн турш 0-14 насны хүүхдийн гадны нөлөөт шалтгаанаар амиа алдсан тоо 261 байна. 

Тэгэхээр төсвийг нь нэмэгдүүлсэн ч хүүхдийн осол, эндэгдэл буураагүй байна. Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалж, хөгжүүл гэж хувиарласан улсын төсвийн 6 тэрбум төгрөгийг хэн гэдэг хүн яаж, зарцуулж байгааг мэдмээр байна. Өдөр дарааллан гарсан хүүхдийн осол эндэгдэлд хэн хариуцлага хүлээх ёстойг ч мөн сонсмоор байна.

“60 тэрбум”-ын асуудлаас урьдаж хүүхдийг хамгаалах зургаан тэрбум төгрөгийг юунд зарцуулж буй талаар НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЪЯ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment