8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нарангэрэл: Тостой хуушуурны араас хүйтэн ундаа, айраг бүү уугаарай

2018-07-09 13:14:00

БАЯРААР ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД АЖИЛЛАНА 

Эрүүл мэндийн яам  /ЭМЯ/-аас  баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар өнөөдөр /2018.07.09/ мэдээлэл хийлээ. Энэ талаар ЭМЯ-ны  олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл  өгсөн юм. Тэрбээр “Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд  баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллана. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн адил бэлэн байдалд ажиллана. Ялангуяа дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана. Иргэдэд эрүүл мэндийн асуудал тулгарвал эмнэлгийн тусламж бэлэн гэсэн үг.

ХООЛНЫ ХОРДЛОГОД ОРОХООС БОЛГООМЖИЛ 

Жил бүр баяр ёслолын үеэр  иргэд хоолны хордлогод орох нь ихэсдэг. Тиймээс хоолны хордлогын тоог бууруулах зорилгоор иргэд хүнсээ зөв сонгох, хадгалах, мөн наадмын хуушуур, ундааг баталгаатай газраас авах нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд ихэнх хүмүүс баталгаагүй газраас буюу ил задгай газраас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл хоол хүнсээ гэртээ буруу хадгалах зэргээс болж хоолны хордлого авсан байсан. Мөн хэт халуун тостой хуушуур идсэний дараа хүйтэн ундаа, айраг зэргийг уух нь хүний архаг хууч өвчнийг хөдөлгөдөг. Баярын үеэр мэдээж бие биеэ архиар шахахгүй байх, архигүй, осол гэмтэлгүй наадам болоосой гэж хүсч байна" хэмээн онцлов.

Мөн "Наадам болох бүх талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн багууд тусгайлан ажиллана. Тиймд иргэдэд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал үүсвэл эмнэлгийн тусламж үйлчилгээ бэлэн байдалд байх болно. Халуун тостой хуушуур идсэний дараа хүйтэн ундаа айраг зэргийг уухаас зайлсхийж анхаарах хэрэгтэй" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Өнгөрсөн жил хоолны хордлого энэ үеэр хэр гарч байсан бэ?
-Ойрын нэг жил хоолны хордлого болон гэдэсний халдварт өвчин их гарч байгаа. Үүний шалтгаан нь иргэд баталгаагүй газраас иргэд ил задгай хүнсний бүтээгдэхүүн авсан, удаан хадгалсан хоол хүнс хэрэглэсэн, мөн дутуу боловсруулсан хүнс хэрэглэснээс болж байна. Түүнчлэн олныг хамарсан ресторан болон зарим хүүхдийн байгууллагууд эрүүл ахуйн шаардлага, хүнсний техноллоги алдагдсанаас болж олон хүүхдийг хамарсан хоолны хордлогууд бусад жилүүдээс илүү гарсан.

-Яг наадмын талбайд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хэрэглээд хордологонд орсон тохиолдолд гарч байсан уу?

-Өнгөрсөн жил наадмын талбайгаас  хуушуур, хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэсний дараа 20 гаруй хүн ходоод гэдэсний хямрал болж, архаг өвчин нь сэлэрсэн тохиолдол гарсан. Гэхдээ зөвхөн наадмын талбай гэхээсээ илүү гадаа ил задгай зарж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс ч болох тохиолдол бий.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан уриалга

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл