8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Равдан: 43 жилийн хөдөлмөрийг минь үнэлсэн төр, засагтаа баярлалаа

2018-07-09 15:15:10

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан зарим иргэнийг Төрийн дээд одон, медалиар шагнав. Энэ үеэр Төрийн дээд одон, медалиар шагнуулсан зарим эрхмийн сэтгэгдлийг хуваалцлаа.


Хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн өрмийн машинист Б.Батбаяр: Манай үйлдвэрийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын төр надаар төлөөлүүлж “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олны ажил, хөдөлмөрийг үнэлсэн хэмээн ойлгож байна. Би үйлдвэртээ 35 жил тасралтгүй ажиллаж байгаа. Энэ хугацаанд ОХУ-д үйлдвэрлэсэн өрмийн машинаар 93 мянган урт метр газар өрөмдөж, улсынхаа дээд амжилтыг шинэчилэн тогтоосон. Энэхүү хөдөлмөр, бүтээлийг минь өндрөөр үнэлсэн төр засагтаа, үргэлж дэмжиж, тусалж ирсэн хамт олондоо баярлалаа.

Ардын жүжигчин Г.Равдан:Миний бие мэргэжлийн урлагийн байгууллагад 43 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр зөвхөн би биш Монголын олон мянган иргэн, уран бүтээлчид баярлаж байгаа. Равдангийн дуу хоолойгоор олон түмэнд хүрсэн шүлэг, өгүүллэгийн зохиолч, яруу найрагч нар бүгд мөн баярлаж байгаа гэдэгт итгэж байна. Мөн ажил амьдралын гараагаа эхэлсэн УДЭТ, МҮОНР зэрэг олон байгууллагын уран бүтээлчид, хамт олон минь баярлаж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн, бүтээснийг минь өндрөөр үнэлсэн төр, засагтаа баярлалаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа: Хийсэн хөдөлмөр, бүтээлийг минь өндрөөр үнэлсэн төр засагтаа баярлалаа. Энэ шагнал бол нийтлэл, нэвтрүүлгийг минь үзэж, надад урам зориг өгч байдаг үзэгчид, ард түмний хайр, хүндлэл юм. Намайг үргэлж дэмжиж, тусалж байдаг байдаг ээждээ, хамт олондоо халуун талархал илэрхийлье.

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан: Төр, түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Хөдөлмөр, бүтээлнийхээ үр шимээр авсан энэхүү шагнал маш өндөр хариуцлагыг дагуулж байгаа. Тиймээс “Маск” продакшн улам бүр сайн, чанартай уран бүтээл хийхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Гавьяат багш, Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Д.Тунгалаг: Дэлхий нийтэд 500 жилийн түүхтэй төгөлдөр хуурыг анх тоглож сурснаас хойш 55 жил, багшилж эхлээд 36 жил болж байна. Дуурийн театр, СУИС, Улсын филармони зэрэг олон газарт миний шавь нар ажилалж байгаа. Шавь нар минь сайн ажиллаж байгаа нь өнөөдөр энэхүү шагналыг авах гол тулгуур болсон. Мөнх тэнгэрээс намайг харж буй аав, ээждээ хүндэтгэл үзүүлэн мөргөмөөр байна. Төр, түмэн олондоо, багш нартаа, шавь нартаа маш их баярлалаа.

Гавьяат жүжигчин О.Анужин:Энэ шагналыг маш том хариуцлага, итгэл дагаж байна. Өнгөрсөн хугацаанд дэмжиж, тусалж ирсэн багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлалаа Цаашид эх орныхоо нэрийг өндөрт өргөх уран бүтээл хийхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа амлаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл