8o
Улаанбаатар хот
mobile menu

Байгаль орчны салбарын ажилчдад төрийн дээд одон медаль гардууллаа

2018-07-10 15:18:18

Байгаль орчны салбарын шилдгүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан, байгаль орчны салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийн шагналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр гарын бэлгийн хамт гардуулан өглөө. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын түүхт ойн энэ өдөр Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилийн Чагнаа төр улсдаа хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ. Тэрээр 1966 оноос хойш усны аж ахуй, байгаль орчин, шинжлэх ухаан, боловсролын салбарт 45 жил тасралтгүй ажиллаж, төр улсдаа зүтгэхдээ усны аж ахуйн салбарт ихээхэн хувь нэмэр оруулжээ. Мөн БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Чоймпогийн Пунцагсүрэн, Туул голын сав газрын захиргааны дарга Янжингийн Болдбаатар нарыг “Алтангадас одон”-гоор шагнасныг гардуулан өглөө. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Хадбаатарын Майцэцэг, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжилтэн Батбаатарын Батбаяр нарыг шагнасан байна. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын Гачууртын Шар хоолойн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Хасагийн Бямбаад “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртээснийг гардуулан өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл