Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо орсон тул үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх зөвлөгөөг хүлээн авна уу. Маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн юм. 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн баруун хагаст,15-нд ихэнх нутгаар бороо орно.
- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
- Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
- Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх