8o
Улаанбаатар хот
mobile menu

​Голын усанд осолдсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна

2018-07-16 15:00:00

Наадмын өдрүүдэд амарч, зугаалахдаа голын усанд осолдсон байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна. Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон ар гэрийнхэн нь хамтарч ажиллаж байгаа хэдийч үр дүнд хүрээгүй байгаа юм. Хэрлэн, Сэлэнгэ голуудад тус тус хүн осолдсон бөгөөд Онцгой байдлын газар дуудлага хүлээн авснаасаа хойш эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас зүүн зүгт долоон километрт орших Сэлэнгэ голын усанд Орхон иргэн Б /25 настай, эрэгтэй/ өнгөрсөн мягмар гарагт осолджээ. Энэ тухай Онцгой байдлын газар хүлээн авч 11 алба хаагч, ар гэрийн 30 хүн, нийт 41 хүн, 10 техник хэрэгсэлтэй хоёр бүлэг болон хуваагдан ажилласан байна. Нэгдүгээр бүлэг Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хар-Усны тохой” гэдэг газраас тус багийн “Уулын гол” гэдэг газар хүртэл 18 км-т нэг удаа гүний шумбалт хийжээ. Харин хоёрдугаар бүлэг Бугат сумын Баянтөгөл багийн “Ангын-Отог” гэдэг газраас Сэлэнгэ сумын Таримал багийн “Ацаг” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өчигдөр 18:40 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.

Мөн энэ сарын 13-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Багануур дүүргийн иргэн Ж /57 настай, эрэгтэй/ Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаар урсах Хэрлэн голын усанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй юм байна. Энэ тухай дуудлагыг 14-ний өдрийн 17:21 цагт Төв аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, таван алба хаагч, Цагдаагийн хэсгийн нэг алба хаагч, ар гэрийн 15 хүн, нийт 21 хүн, зургаан автомашинтайгаар 15-ны өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Осолдсон газраас зүүн тийш 15 км зайд эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй гэв. Тиймээс долдугаар сарын 15-ны өдрийн 20:50 цагт түр зогсоо, өнөөдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл