8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван мянган жирэмсэн бүсгүй "Зика" вирусын халдвар тээж байна

2016-02-15 08:50:00

Колумб улсад таван мянга гаруй жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар тээж байна хэмээн эрүүл мэндийн газраас мэдэгдлээ. Тус улсад Зика вирусын 31 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ өвчин нь урьдчилсан шинж тэмдэггүй шинээр төрж байгаа хүүхдүүдэд илэрч байгаа аж. Хүүхдүүд жижиг толгой, тархины хөгжлийн гажигтай төрж байна. Бразилд хэдэн мянган хүүхэд ийм оноштой төрөөд байна.

Латин Америкийн орнуудад эрчимтэй тархаж буй зика вирусын халдварын улмаас Эль Сальвадор улсын Засгийн газраас эмэгтэйчүүддээ 2018 он хүртэл жирэмсэлэхгүй байхыг уриалсан. Эль Сальвадор улсын Эрүүл мэндийн дэд сайд Эдуардо Эспиноза эмэгтэйчүүдийг хоёр жилийн дотор жирэмслэхгүй байхыг анхааруулсан.

Бразил улсын Засгийн газар тус улсын нутаг дэвсгэрт тархсан "Зика" вирусийг устгах ажилд 50 мянган цэрэг дайчилж байгаа аж. Цэргүүд нийт 350 хот суурин дахь гурван сая гаруй айл өрх, албан газар болон гудамж талбайгаар явж, "Зика" вирус тараагч шумуулыг устгах зориулалт бүхий ариутгалын бодис цацах юм байна. Мөн цэргүүдийг "Зика" вирусээс урьдчилан сэргийлэх заавар бүхий мэдээллийн зурагт хуудсыг айл бүрт тараах ажилд дайчилж байгаа аж.

Бразил улсын Засгийн газар "Ирэх долдугаар сард Рио Де Жанейро хотод нээгдэх Зуны Олимп гэхэд "Зика" вирусийн тархалтыг бүрэн зогсоож, тус олимпийг зорин ирэх дэлхийн олон орны тамирчин, төлөөлөгчдийг халдвар авахаас урьдчилан сэргийлж чадна" хэмээн мэдээллэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment