Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар өчигдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Тус төвийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт энэ сарын 10-нд үерийн ус орсны улмаас бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан. Харин үндсэн тоног төхөөрөмжүүд нь хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа. Аппаратуудыг хайрцагнаас гаргах ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани хариуцаж байгаа талаар эмнэлгийн удирдлагууд танилцуулав. Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний 2 аппарат болон бусад тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж Австри улсын экспортыг дэмжих нөхцөлтэйгээр олгожээ. Гэрээгээр 2014 онд ирсэн аппаратууд шинэ өргөтгөлийн зоорийн давхарт шаардлага хангасан байшин баригдах хүртэл ХСҮТ-д тусдаа агуулахад хадгалж байна. Нийт 16 тонн жинтэй аппарат тоног төхөөрөмж аж.
ХСҮТ-д учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна
2018-07-25 12:30:00