АТГ сар бүрийн 25-ны өдөр тухайн сарынхаа ажлыг тайлагнаж хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай. Энэ дагуу энэ сард хийсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус газрын мөрдөн шалгах ажиллагаа, ХОМ-ийн талаар статистик мэдээллийг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Оюутолгойн хэргийн хяналт шалгалтын явцыг талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж байна. Одоогоор тэднийг хязгаарлалт тогтоон шалгаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд тодорхой хүмүүс болон хилээр нэвтрэхийг хориглосон.
Мөн яллагдагчийн хүсэлтийн дагуу С.Баярыг АТГ-ын дарга хүлээн авч уулзсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагч нар АТГ-ын удирдлагатай уулзах эрхтэй. Үүнд тухайн хүний ямар ажил албан тушаал хашиж байсан нь хамаарахгүй.
- Ерөнхий сайдын туслах байсан, одоо МИАТ компанийн дэд захирал Энхбаатарыг саатуулан шалгаж байгаа гэсэн. Ерөнхий сайд АТГ-ын даргатай уулзан ажлаа өгөхийг шаардсанаас болоод хамаарал бүхий этгээдийг нь шалгаж эхэллээ гэх мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Э-г өмнө нь хийж байсан ажилтай нь холбогдуулан саатуулаагүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй. АТГ бүх үйл ажиллагаагаа прокурор байгууллагын олгосон зөвшөөрлийн хүрээнд явуулдаг. Бид ямар нэгэн нам эвсэл улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй.
Бид санаачлагаараа шууд ямар нэгэн хэргийг тогтоогоод зөвшөөрөлгүйгээр шалгадаггүй.
- Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг шалгаж байна гэж байгаад хэрэгсэхгүй болгож байна. Үүний нэг жишээ нь 60 тэрбумын хэрэг. Энэ талаар тайлбар өгөөч?
- 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах хүртэл нөхцөл үүсээд явж байгаа. Би өмнө нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэд хэдэн удаа өгсөн.
Прокурорын байгууллагаас энэ хэргийн талаар тодруулах нь илүү зөв байх.
Мөн Эрдэнэтийн 49 хувийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан тухай хэргийг Цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа.
Томоохон хэргүүд замхраад байна гэх шүүмжлэл их ирж байгаа. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй.
- АТГ-ын шалгаж байгаа хэргүүд улс төрийн нөхцөл байдалтай уялдаад байдаг нь ямар учиртай юм бэ?
- Шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн өнгө аястай холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмээс бидэнд хүлээлт их байгааг мэдэж байгаа ч мөрдөн байцаагчдын орон тоо цөөн, нэг хүнд ногдох хэргийн тоо олон байгааг хэлмээр байна. Бид боломжоороо хэргүүдийг хурдан шалгахыг зорьж ажиллаж байгаа.
- АТГ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хоёр сар орчим хорьсон. Энэ хугацаанд тус бүр хэдэн удаа байцаасан бэ?
- Хуулийн хүрээнд хорьж байцаасан. Хорих хугацаандаа хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээ, үйл ажиллагааг явуулсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.