8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Цахилгаангүй болсон байруудад шуурхай бригад ажиллаж, 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулсан өдөр

2018-07-30 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүрэгхийн өмнө уншигч та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэе. 

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна.

 Мөн энэ сарын 28-30-нд баруун, төвийн аймгуудын зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд зарим газраар түр зуурын бороо орно.

 Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Д.Батбаатар: 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүст байр сууриа илэрхийл хэмээн шаардлага хүргүүлсэн

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар төрийн өндөр албан тушаалтны сахилга хариуцлагын тухай болон намын хяналтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар хэлэхдээ  "Манай намын Хяналтын Ерөнхий хороо нийт 21 аймаг, есөн дүүргийн гишүүдээ сургалтад хамруулж, тэдний санаа бодлыг сонсох арга хэмжээг  зохион байгуулсан. Сургалтын үеэр гишүүдээс гарч байгаа түгээмэл саналыг багцлаад хэлэхэд, сүүлийн хоёр сонгууль дамнан яригдаж байгаа 60 тэрбумын гэх асуудалд их эмзэг хандаж байна. Мөн төрийн тодорхой албан тушаалд томилогдсон хүмүүс намын нэр хүндийг унагааж байна гэх шүүмжлэл гарч байлаа. Гуравдугаарт офшор дансны асуудалд манай намын гишүүд холбогдвол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцсийн байдлаар тэр асуудалдаа холбогдолтой эсэхийг тодруулмаар гэсэн санал гишүүдээс гарсан. Түүнчлэн тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим гишүүдийн талаар гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл гарч байгаагаас гишүүдээ хамгаалах асуудал бас яригдсан. нийгэмд шударга ёс, сахилга баттыг дээшлүүлэх талаар манай намаас дорвитой алхам хийх байх. Энэ үүднээс манай намын удирлагууд, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд манай аймаг, нийслэлийн намын хороо нэгдэж нягтарч ажиллах ёстой. Учир нь МАН нэг дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлнэ. Сахилга батыг дээшлүүлэх тал дээрийн төрийн сахилга, хяналт суларсан байх. Гэвч намын хяналт сулраагүй шүү. Хариуцлага алдсан албан тушаалтан гишүүд байвал баталгаатай баримттай, нэр хаягтай нь мэдээлэлтэй нь авчирч өгөөрөй” гэв.

Ингээд түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
 
-Танай намын гишүүн Л.Оюун-Эрдэнийг АТГ-аас буруутгасан байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 
 
-Бид намын дүрмийн хүрээнд намынхаа гишүүдтэй ярина. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хэрэг нь тэрүүгээрээ явагдах байх.   

-Албан тушаал наймаалцахыг санаархсан гэх 60 тэрбумын асуудлаар нэлээн яригдаж байна. Үүнд танай хорооноос ямар тайлбар өгөх вэ?

-60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс өөрсдийнхөө байр суурийг намын гишүүдээрээ дамжуулж үнэн худлаагаа хэлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг манай хорооноос хүргүүлсэн байгаа.

​Тарваган тахалын өвчин үүсгэгч илрээгүй

Тарваган тахлын дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 65.5 хувьтай байна. Хэнтий, Баян-Өлгий, Улаанбаатар, Төв аймгийн дархлаажуулалтын хамралт 90-100 хувь, Ховд 39.7хувь, Увс 46.5 хувийн хамралттай байна.

Мөн долдугаар сарын 24-нд СХД, БЗД-ийн хэмжээнд хоёр удаагийн ирүүлсэн амьтны дуудлагад үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийхээр хүлээн авчээ. Он гарсаар нийслэлийн 6 дүүрэгт (БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД)-ийн хэмжээнд нийт 30 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин үүсгэгч илрээгүй байна.

Элэгний B, C вирусын илрүүлгийн шинжилгээг дараах эмнэлгүүдээр хийнэ

40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.
“Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ.
Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
4. Хавдар судлалын үндэсний төв
5. Багануур эрүүл мэндийн төв
6. Интермед эмнэлэг
7. УБ Сонгдо эмнэлэг
8. Грандмед эмнэлэг
9. Аллергимед эмнэлэг
10. Монгол Хьюндай эмнэлэг
11. Итгэл эмнэлэг
12. Онкоген лаборатори
13. “Гялс” Анагаах ухааны төв
14. Мобио лаборатори
15. Оношмед лаборатори
16. “Бона Вита” лаборатори
17. “Протолаб” лаборатори
18. Элэгний төв лаборатори
19. “Гэгээн Ар Үр” лаборатори
20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
21. “Евростандарт лаборатори
22. Хаппи веритас

Б.Болд: Нутгийнхаа ойн баярт гэр бүлийнхээ хамт ая дуугаа өргөлөө

СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хамтын амьдралаа ил болгож, олны өмнө ил, тод болжээ. Хайртай найзынхаа нөхрийг салгаж авч суусан гэх муу нэр зүүсэн Х.Мөнгөнцэцэг төрсөнийхөө дараа шинэ уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүний дуулсан “Хожуу бодлын салхи” дууг нь нөхөр Б.Болд хөгжмийг нь хийж найруулсан бөгөөд саяхан амраг хосууд хамтарсан шинэ уран бүтээлээ гаргаад байгаа юм. Мөн хос дуучид маань өнгөрсөн амралтын өдөр болсон Булган аймгийн 80 жилийн ойд хамтдаа очиж, ая дуугаа өргөсөн байна. 

Дуучин, СТА Б.Болд “Би Булганы Хялгант тосгонд төрж өссөн. Нутгийнхаа ойн баярт гэр бүлийнхээ хамт ирсэн сайхан байна. Ая дуугаа өргөлөө” хэмээн ярьж байгаа нь телевизээр ярилцлага өгсөн байна. 

Эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлжээ

Сүүлийн үед нийслэл Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутагт хүний санаанд оромгүй хүчирхийлэлийн хэргүүд гарч байгаа. Хамгийн сүүлд гэхэд зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь хүчиндсэн аймшигт хэрэг нийслэл Улаанбаатар хотод гарсан байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд суух зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь болох 32 настай этгээд хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байна. Эл хэргийг одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

ХУД-ийн 11, 15-р хорооны цахилгаангүй болсон байруудад шуурхай бригад ажиллаж байна

Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахалж байна.

Тус ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны хөрсний усанд автаж цахилгаангүй болсон 14 орон сууцны СӨХ, Орон сууцны конторын төлөөллийг оролцуулан хуралдаж Улаанбаатар хотын Захирагчийн харъяа ОСНААУГ-ын 90 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригадыг дээрх байруудад хуваарилж, энэ амралтын өдрүүдээр айлуудыг эрчим хүчээр хангахын тулд мэргэжлийн, техникийн, санхүүгийн шаардлагатай арга хэмжээ авч газар дээр нь ажиллаж эхэллээ.

Энэ ажилд УБЦТС ХК, Баруун түгээх төв, НОБГ, ХУД-ийн ЗДТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Гурван аймгийн 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. 

Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон билээ.

Гэмтлийг сэргээн засварлахаар Эрдэнэт, Булган “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 кВ-ын 15 ширхэг, 0,4 кВ-ын 30 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана, нэг шугамын төгсгөлийн анкерыг босгож, гурван аймгийн 10 сумын цахилгааныг холбож хэвийн ажиллагаанд оруулаад байна.

 

М.Энхболд хүчээ алдсаар байна

Сүүлийн хэдхэн өдөрт эрх баригч нам доторхи зөрчил дээд цэгтээ тулж, МАН-ын лидерүүдийн хэрүүл, тэмцэл савнаасаа халив. Тус нам дотор яг юу болж байгааг ойлгоход маш энгийн болов. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том кейс болсон “60 тэрбумын хэрэг” замхрах тийшээ хандаад байсан. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” хэмээн Удирдах зөвлөлийнхөө хурал дээр мэдэгдэл хийснээр 60 тэрбумын хэрэг дахин сэдрэв.

Үүний дараахан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулъя хэмээн хэвлэлээр мэдэгдсэн хийсэн. Харин түүнийг АТГ-аас дуудан байцаалт авч, бүр хариуцлага тооцуулахын тулд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд албан тоот илгээжээ. Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ зүгээр суусангүй. Тэрээр АТГ-ын газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга гаргаж, одоогийн байдлаар түүний санаачилгыг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санаачилсан бол УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга зарлан хуралдуулна гэсэн хуулийн заалтыг биелүүлэх шаардлага үүсэв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт У.Хүрэлсүхийн туслахаар долоон жилийн өмнө ажиллаж байсан, өдгөө МИАТ компанийн дэд захирлаар ажилладаг Н.Энхбаатарыг АТГ –аас найзынх нь хамт хорьсон. Яг үүнтэй зэрэгцэн “У.Хүрэлсүхийн туслах 600 саяын авлига аваад үйлдэл дээрээ баригдлаа”, “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилсон хүмүүс авлигад холбогдлоо” гэсэн мэдээлэл сошлоор цацагдав. Мэдээлэл цацагдсаны маргааш нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Н.Энхбаатар нар 600 сая төгрөгийн авлига аваад баригдсан гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл, тийм юм байхгүй. Гэхдээ энэ асуудал шалгагдаж байна” гэх агуулгатай учир битүүлэг тайлбар хийв.

Удалгүй chuhal.mn сайтад “...МИАТ-ын дэд дарга Н.Энхбаатар бол улс төрийн золиос гэнэ. Түүнийг ямар ч утга учиргүйгээр хэлмэгдүүлж байгаа гэв. Учир нь мань Энхбаатар нэг найзаасаа хуучин ланд круйзер 200 автомашин худалдаж авахаар тохирч, нэр дээрээ шилжүүлжээ. Гэтэл найздаа мөнгийг нь төлж чадахгүй явсаар машинаа буцаагаад хураалгачихаж. Найзтайгаа ч түр тархийж. Найз нь Энхбаатараас машинаа хурааж аваад өөрийнхөө нэр дээр буцаагаад шилжүүлчихэж. Ийм л юм болж. Энэ нь АТГ-д баригдах үндэслэл болсон гэх. Үнэгүй.мн сайтаас ороод харахад хуучин Ланд 200 үсрээд 80 сая төгрөг байна. Яаж яваад 600 саяын үнэ хүрээд байгаа нь маш тодорхойгүй байгаа аж. Тиймээс Энхбаатар бол 600 сая төгрөгийн хахууль аваад газар дээрээ баригдаагүй нь үнэн юм байна. Үүнийг АТГ-ын алдарт Идэрцог ч хэвлэлийн хурал дээр баталсан. Харин Энхбаатар найзынхаа машиныг авах гээд чадаагүйнхээ төлөө “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэдэг үндэслэлээр баригдсан болж таарлаа. АТГ-ын зарим ажилтнууд, 60 тэрбумд холбогдсон зарим улс төрчид хуучин Ланд 200 битгий хэл хөрөнгөтэй гэдгийг нохой ч хэлнэ. “Ерөнхий сайд нь танхимын сайдаасаа цоо шинэ лексус 570 бэлгэнд авчээ” гэхэд шалгадаггүй, дүлийрээд өнгөрдөг АТГ шүү дээ. Гэтэл Энхбаатарын хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй тул хойшлуулшгүй заалтаар хоригдож байх жишээний. Ийм л АТГ ажиллаж байгаа цагт яаж шударга ёс тогтох юм бэ. Яг үнэн хэрэгтээ АТГ-ын энэ удаагийн үйлдэл АТГ-ын дарга Энхжаргалыг томилсон 2016 оны тогтоолыг хүчингүй болгох ээлжит бус чуулганыг хуралдуулах, 60 тэрбумын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох улс төрийн үйл явцтай давхацлаа. Тиймээс сэтгүүлчийн хувьд энэ үйл явдлыг “АТГ-ын ээлжит жүжиг” гэж тодорхойлмоор байна” хэмээн нийтэлжээ.

Хамгийн сүүлд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах саналыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод саналаа хүргүүлээд байна.

Хэн нэгэн хурган дарга авлига авсан эсэх асуудал одоо сонин биш боллоо. Н.Энхбаатар нар авлига авсан эсэхийг тогтоох нь хууль, шүүхийн байгууллагын асуудал. Харин АТГ-ын газрын даргыг томилсон тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит чуулган хуралдах нь нэгэнт тодорхой болжээ. М.Энхболдын хувьд ч, АТГ-ын хувьд ч авлигын хэрэг ярих нь, тэр тусмаа У.Хүрэлсүхийн туслахын асуудлыг сенсааци болгох гэж оролдох нь энэ цаг үед итгэл үнэмшилгүй бөгөөд инээдтэй байна. Ерөнхийдөө М.Энхболдын асуудал хүндэрчихлээ гэж дүгнэж болохоор байна.

Тиймээс өөр асуудалд сатаарч цаг алдалгүй, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуулийн дагуу хуралдуулах нь эрхэм спикерт ядаж өөрийнхөө суудлыг хадгалж үлдэх боломж олгож мэдэх юм. Мэдээж АТГ-ын дарга Х.Энхжаргалыг алдсанаар М.Энхболдод асар том гарз тохионо. Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүний “УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээж огцрох хүртэл би чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй” гэсэн эрс хатуу мэдэгдлээс харахад М.Энхболдын хохирол Х.Энхжаргалаар дуусахгүй бололтой. Ийнхүү М.Энхболд өдөр ирэх тусам хүчээ алдсаар байна. Түүнийг дэмжиж байсан УИХ-ын гишүүдийн дийлэнх нь намын даргынхаа бодлогыг дагаад эхэлсэн нь эрх баригч нам дотор сүүлийн 12 жил ноёлсон нийслэлийн фракцийн улстөрийн өрөг төгсөж байгааг илтгэж байна.

Эх сурвалж : Өдрийн сонин

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл