8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сиэтлд алга болсон Монгол залуу олдож, Б.Амартүвшин дарга яаралтай эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орсон өдөр

2018-07-31 18:40:00

Бүрхэг өдрийн мэнд.  Энэ долоо хоногийг дуустал бороо орох тухай ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэж байна. Гэхдээ та бороо их орохоор уйтгарлаж суух хэрэггүй шүү. “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг” гэсэн сайхан урмын үгсийн хамт Монголын нэг өдөр тойм  булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Ойрын гурван өдөр бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна. 

МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар гишүүддээ тов тараасан байсан ч марааш хүртэл хойшлууллаа. Тус намын Хяналтын ерөнхий хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ч гишүүдийн сахилга хариуцлагын асуудлыг хөндсөн. Тэд 21 аймаг, есөн дүүрэгт намын гишүүдийнхээ дунд явуулсан сургалтынхаа үеэр намын нэр хүндтэй холбоотой нэлээдгүй санал шүүмжлэл ирсэн гэдгийг хэлсэн юм.

" Монгол улс улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, худал мэдээлэл тараасан"

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хэсэг хүмүүс хулгайлж, авч явсан хачирхалтай хэрэг гарсан. Түүнийг хулгайлах үед Туркийн агаарын хүчний ТТ4010 дугаартай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, байдлыг улам хурцатгасан билээ. Өнөөдрийг хүртэл  Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг хэн хулгайлсан хаашаа авч явсан нь ил болоогүй байгаа. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Монголд өрнөсөн энэхүү үйл явдлын талаар Туркийн Гадаад хэргийн яамнаас анх удаа мэдээлэл хийсэн байна. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийн хурал хийж, “Монгол Улсын газар нутаг дээр хүн хулгайлах оролдлого хийсэн гэх хэрэгт Туркийн Засгийн газар ямар ч хамаагүй. Биднийг энэ явдалтай холбоотой мэтээр бичиж, мэдээлж байгаад үнэхээр харамсч байна.  Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Туркийн Засгийн газар эрс няцааж байна. Анкара дахь Монгол Улсын элчин сайдтай уулзаад, Турк иргэнийг хулгайлсан гэх хэрэгт  хандаж буй Монголын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Туркийн талаас Монгол Улс Гюлений бүлэгтэй холбоотой улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, худал мэдээлэл тараасан. .Цаашдаа Монголын эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж буй террорист бүлгэмүүдийн эсрэг шаардлагатай арга хэмжээг авна гэж найдаж байна" хэмээн хэлсэн байна. 

Эх сурвалж: BBCTurkish, AFP

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүргийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өглөө

2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.

Сайдын зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны долдугаар сарын 30 гэхэд Засгийн газрын бүх Сайд нар, наймдугаар сарын 1-н гэхэд яам, агентлагийн албан тушаалтнууд тус тус ажилдаа орсон байх чиглэл өгсний дагуу өнөөдөр (2018.07.31) ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамны шуурхай хурал зохион байгуулж, бүх газар, хэлтсийн дарга нарт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.

Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ-ны хамт олон ажиллаж байна.

 Б.Амартүвшин даргыг хутгалсан иргэн 64 настай хүн байжээ
 

2018-07-31 12:31

Цагдаагийн байгууллагаас Б.Амартүвшин даргыг хутгалсан иргэн 64 настай хүн байсан гэсэн мэдээлэл өглөө. Улмаар 14 цагаас албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ. 

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.АМАРТҮВШИНГ  ӨРӨӨНД НЬ ХУТГАЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2018-07-31 11:36

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг дөнгөж сая өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан байна. Түүнийг яаралтай тусламжийнхан ирж эмнэлэг рүү авч явсан талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна.  Хэргийн газарт цагдаагийн байгууллага хяналт шалгалт явуулж байна. 

Ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ

Өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, өглөө 5.30 минутад согтуу жолооч зам тээврийн осол гаргаж, ногоон гэрлээр зам гарч байсан явган зорчигчийг мөргөсөн байна. Зам тээврийн улмаас явган зорчигч нас баржээ. Ослын газар байсан иргэд 103 түргэн тусламжийн төвд яаралтай дуудлага өгсөн боловч түргэн тусламж 33 минутын дараа ирсэн аж.  Дуудлага өгсөн иргэд түргэн тусламж 5 минутын өмнө ирсэн бол залуу амь аврагдах боломж байсан хэмээн ярьж байна. 

Сиэтлд алга болсон Монгол залуу олджээ

Энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Сиэтл хотод амьдардаг монгол иргэн сураггүй алга болсон талаар манай сайт мэдээллэж байсан билээ.  23 настай Батболдын Баттулга гэх монгол залуу  Сиэтл хотын “Edmond Community” коллежид 2017 онд суралцахаар очсон бөгөөд хамгийн сүүлд  энэ сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар мэдээлэл цацагдаж байсан .Эрэн сурвалжилж байсан уг залууг өчигдөр олсон байна. Хүү одоогоор дуугарахгүй байгаа бөгөөд шокын байдалтай байгаа талаар ар гэрийнхэн нь ярьсан байна. Гэр бүлийнхэндээ  ганцаараа харанхуй цэцэрлэг дотор  байсан хэмээн хэлжээ. 

Туул голд автомашинтайгаа урссан иргэдийг аварчээ

Долдугаар сарын 29-ний өдрийн 18:24 цагт онцгой байдлын албанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд 08-30 УНГ улсын дугаартай “Прадо” загварын суудлын автомашин хоёр зорчигчтой урссан тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу дээрх газарт Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18:53 цагт очиж, Баянзүрх дүүргийн харъяат, иргэн Б /28 настай, эрэгтэй/, иргэн Э /27 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргаж, автомашиныг татах боломжгүй тул орхисон байна

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Тодруулбал үүний 42 хувь нь орон сууцны хөтөлбөрийн хүрээнд бол 58 хувь нь банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр олгосон зээл байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.6 хувь буюу 3.9 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагджээ.

Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрч, зээлдэгчийн тоо 93.880 болсон аж. Харин орон нутгийн ипотекийн зээлийн үлдэгдэл 17.6 хувийг бүрдүүлж байна.

Ирэх наймдугаар сард цаг агаар ямар байх вэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээгээр “Наймдугаар сарын урьдчилсан төлөвөөр газар тариалангийн бүс нутгаар хур тунадас ахиу байна. Баруун болон говийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчмоор бороо орох төлөвтэй байна. Температурын хувьд говийн гурван аймаг, Хэнтийн өмнө талаар болон Сүхбаатар аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж дулаантай байх төлөвтэй байна. Наймдугаар сар гараад 1-3-нд ихэнх нутгаар 4-нд нутгийн зүүн хагас, цаашлаад хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хун тунадас орох төлөвтэй байна. Сарын эхээр буюу 1-4-ний хооронд ихэнх нутгаар сэрүүсч, шөнөдөө Алтай хангайн уулархаг нутгаар 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Онц их халалт үе наймдугаар сард гайгүй, ялангуяа говийн аймгуудаар хоёрдугаар болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 32-37 хэм хүрч халах төлөвтэй байгаа талаар мэдээллээ. 

“Хурдан үзсэнгүй, удлаа” гэдэг шалтгаанаар эмчийг зодож танхайрчээ

Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байдаг алтан гартай эмчийг ажлын байранд нь зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал,  “Хурдан үзсэнгүй, удлаа” гэдэг шалтгаанаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийг ажлын байран дээр нь зодож танхайрсан хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.

Хэрэг явдал өчигдөр болсон бөгөөд тус эмнэлгийн эмч залуу дөрвөн хүн үзчихээд гарч ирэхэд нь Яаралтай түргэн тусламжийн үүдэнд сууж байсан залуу “Удаан хүлгээлгэлээ” гээд биед нь халдаж зодож танхайрчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shok
Eceg ehiinhee viziig garguulah gej ugsen huivaldaan zohion bguulj bas boloogui handi Tuzla just gej balaircgaad mongolchuud iim teneg shou hiigeed bolimoor yum
2018/08/01 24.16.93.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment