Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өчигдөр ажлын байранд нь хутгалсан хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. “Бусдын биед халдсан этгээдийг тэр даруйд баривчилсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч хэвлийн тус газартаа хутгалуулсан тул хагалгаанд орсон” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгсөн юм. Одоогийн байдлаар Б.Амартүвшин хагалгаанд орж, биеийн байдал тогтворжсон байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг хутгалсан Б.Идэрчулуун гэж хэн бэ
Бусдыг албан өрөөнд нь хутгалж танхайрсан тус иргэнийг Б.Идэрчулуун гэдэг. Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай. Түүний хувьд өмнө нь хэд хэдэн удаа ирж тус дүүргийн Засаг даргын тамгын газрын байр руу удаа дараа орохыг завддаг байсан аж. Мөн удаа дараа тамгын газрын байрны гадаа жагсаал цуглаан зохион байгуулж байсан аж. Өчигдөр ч мөн жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл авахаар Б.Амартүвшин дарга дээр орсон аж. Тэрбээр эхлээд Б.Амартүвшин даргын өрөөнд орохдоо тайван байдалтай байсан бөгөөд тун удалгүй маргалдаж, маргаан ширүүсч хэвлий тус газарт нь хутгалсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр Б.Идэрчулуун нь сэтгэцийн өвчтэй байж магадгүй аж.
Харин Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг байжээ.