8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2018-08-02 09:16:00

 

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдаж болзошгүй байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийт 42 тарвага, 16 буу, 26 хавх зэргийг хурааж, 3 хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал, Хэнтий аймагт 14 тарвага, 26 хавх, 5 буу, 1 автомашиныг хурааж, цагдаад шилжүүлэн зөрчил гаргасан этгээдэд торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ.

Мөн Архангай аймагт 16 тарвага, 8 буу хураасан бол Өвөрхангай аймагт 12 тарвага, 3 буу, 24 ш сум, 2 хутга хурааж, 1 хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Иргэд холбогдох хуулийг зөрчин хавх, нохойгоор тарвага барих, ангийн буу бусдад шилжүүлэх, тарваганы түүхий мах, арьсыг хот тосгонд оруулах зэрэг зөрчил гаргаж байгаа аж. Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж байна.

Мөн иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, Нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг анхааруулж байна. 

Тарваган тахал өвчний идэвхжилийн улиралчлал эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмжийг ийнхүү хүргэж буй юм. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг олон нийтэд анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл