Эрхэм уншигч та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Энэ 7 хоногт төлөвлөсөн ажил нь амжилт бүтээлээр арвин байх болтугай. Үдэш бүрийн энэ цаг мөчи та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа
Д.Амарбаясгалан: Нэр дэвших боломжтой хэд хэдэн түвшний хүнийг судалж байгаа
Монгол Ардын Намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан хэлэхдээ "200 хүний оролцоотой хурал хийлээ. Бага хурлаар хоёр асуудал хэлэлцсэн.Нэгдүгээрт, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал. Энэ тойрогт нэр дэвших боломжтой хүн манай намд байгаа. Нэр дэвшигчдийн бүртгэл 9 дүгээр сарын 4-нд болно.
Хоёрдугаарт, МАН нам гэхээс илүү улс төрчдөд итгэх итгэлгүй болсон энэ үед энэ намын 2016 оны ялалтын үр дүнгээр намын гишүүдийн ёс зүйг шат шатандаа хариуцлага алдсан эсэх судалгааг дүгнэж хариуцлага тооцох ёстой" хэмээн хэллээ. МАН-ын Хяналтын Ерөнхий хороо баасан гаригт хуралдсан. Өнөөдрийн байдлаар албан ёсоор шийдвэр ирүүлээгүй байна. Бид ирүүлснийх нь дараагаар хэлэлцээд явна. Улс төрийн намуудад итгэх ард иргэдийн итгэлийг сэргээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бид 2016 оны сонгуулиар итгэсэн ард иргэдийн итгэлийг хэр даасан, энэ намаас томилогдсон албан тушаалтнуудын ажлыг дүгнэж, гаргасан шийдвэрийг танилцуулна. Сонгуулийн хуулиар сонгуульд улс төрийн намууд оролцдог болсон. Нам өөрөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг. Эргээд улс төрийн нам хариуцлагатай ажилласан эсэхийг дүгнэдэг. Тиймээс бид эдгээр асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Бид нөхөн сонгууль зарласан өдрөөс эхлээд 42 дугаар тойрогт хэд хэдэн судалгаа хийж байгаа. Манай намын тухайд 42 дугаар тойрогт ялах бүрэн боломж байгаа. Нэр дэвших боломжтой хэд хэдэн түвшний хүнийг судалж байгаа. Бид судалгаа хийж байгаа. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 42 дугаар тойрогт нэр дэвших хүнийг судалж байна" хэмээн хэллээ.
Ц.Мөнхтуяа: Багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө бид ажиллана
Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, Монголын багш нарын нэгдэл ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж, Улсаа аврах үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар оролцсон юм.
Мэдээллийн эхэнд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа "Монголын багш нар 2017 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн цалингаа нэмүүлэхээр өнөөдрийг хүртэл төр засагт дуу хоолойгоо хүргэж, өанөөдрийг хүртэл тэмцэж ирлээ. Бид энэ хугацаанд "Монголын багш нарын нэгдэл ТББ", Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулж, Багшийн цалин нэмүүлэх түр хороогоо албан ёсны ТББ болгон үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор албан ёсны 1,500 гаруй гишүүнтэй, нэгдэхээ илэрхийлж буй 10,000 гаруй хүн байна. Манай байгууллага нь цалин нэмүүлэх хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажилладаг. Багш нар оролцооныхоо хүчээр Монголын төрд шаардлага тавьж хэрэгжүүлдэг замд суралцан нэг жил боллоо. Цаашид бид дахин оролцооны хүчээр дараах зүйлсийг хийнэ.
- Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Үүний тулд багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө бид ажиллана.
- Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө оролцоогоороо ажиллана" гэв
УИХ-ын нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна. Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан тооцоолжээ.
Салхилж явсан эмэгтэйг хүчиндэхийг завдсан этгээдүүд баригджээ
Салхилж явсан эмэгтэй хүчиндэхийг завсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 3-ны орой салхилж явсан эмэгтэйг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан хэрэг Дархан хотод гарчээ. Хэргийг гурван залуу бүлэглэн үйлдэхийг оролдсон аж. Тэд иргэн Э-г зодож, дээрэмдэн, хүчиндэхийг завдсан гэнэ. Эмэгтэй гэмт этгээдүүдээс зугтаж, Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авснаар аврагдсан байна. Улмаар тус газрын хамгаалалтын ажилчид гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Одоогоор хэргийг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
“Жи тайм”-ын М.Маратыг Интерполоор эрэн сурвалжилж байна
“Жи-Тайм” гэх сүлжээний залиланг Монголд нэвтрүүлж, манай олон иргэнийг хохироосон Казахстаны иргэн, 60 настай Марат Маженовыг ЦЕГ-аас хүсэлт гарган, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэрбээр Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нийт 38 мянга орчим иргэнээс 40.8 тэрбум төгрөг залилж, онц их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ.
Б.Гангаамаа: К2 ууланд авирчсан уулчдын ард Монголын далбаа байхад нь би үнэхээр омогшсон
Монгол Упсын Гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа К2 ууланд хийсэн авиралтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг аж. Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон гэнэ. Тэгвэл Монгол Упсын Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2 ууланд авирахаар яваад хоёр сар гаруйн дараа ард түмэнтэйгээ амжилттай уулзаж байгаадаа баяртай байна.Би явахынхаа өмнө "Ирээд амжилтныхаа тухай хөөрөлдөх болно" гэж хэлж байсан гэдгээ тэрбээр энэ үеэр онцолсон юм.
Мөн тэрбээр "Манай баг бүрэлдэхүүнийн уулчид дөрвөн том экспедицэд хуваагдсан. Жижиг хоёр экспедиц байсны нэг нь манай баг буюу "Дэлхийн 14 оргилыг эзлэх баг" нэртэй, 8 орны 10 авирагчтай, ширфа нартайгаа нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг яваад ирлээ. Манай багийнхан арвуулаа 7 сарын 21-ний 07.31 минутаас 08.00 цагийн хооронд цувж бүх оргилд гарсан.22-ны өдөр Америк, Японы баг оргилд гарсан. Америкийн багийн 10 хүнээс хоёр нь буцсан, Японы найман уулчнаас 6 нь оргилд гарсан. Харамсалтай нь буухдаа нэг япон уулчин Лонхны хүзүү гэж маш хүнд хэсгээс унаж нас барсан. Оргилд гараад буусны дараа анхны Бельги, Швейцарь, Монгол, Ирланд, Латин Америкийн эмэгтэй гээд манай 10 хүнтэй багийн 5 гишүүн улсаасаа анх удаа К2 оргилд гарснаа мэдэцгээсэн.К2 оргилд гарахыг монголчууд хэдэн жил хүсэж, мөрөөдөж байсан. Намайг Монгол гэж хэлэхэд бүх уулчид үнэхээр гайхаж, маш сайн байна гэж байсан. Уулчид намайг Япон л гэж байсан. Манай багийн уулчид орон орондоо энэ тухай ярьж, Монголыг сурталчилж байгаа. Бууж ирсэн уулчдын нэрсийн дунд миний нэр тавдугаар бичигдсэн. К2 ууланд авирчсан уулчдын ард Монголын далбаа байхад нь би үнэхээр омогшсон" гэсэн юм.
Махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд Нийслэлийн статистикийн газар наймдугаар сарын 1-ний өдөр ажиглалт хийжээ. Наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар, 27 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ буурсан, гурван барааны үнэ өсчээ.
2018 оны наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад:
- Хонины ястай махны үнэ 27 төгрөгөөр буурсан
- Хонины цул махны үнэ 41 төгрөгөөр өсчээ
- Үхрийн ястай махны үнэ 22 төгрөгөөр буурсан
- Үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 10,518 төгрөг байна.
- Адууны ястай махны үнэ 500 төгрөгөөр буурсан
- Ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,375 төгрөг байна
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1600-2099 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2099 төгрөгөөр “Номин супер маркет” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ тогтмол 2,480 төгрөгийн дундаж үнэтэй байв.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.
Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.
Шар будааны дундаж үнэ тогтмол 1,984 төгрөгийн дундаж үнэтэй байв.
ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 5200-5300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5300 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна.
Ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.29 хувиар буюу 3,403 төгрөгөөр буурсан
Гүрж ногоон цайны дундаж үнэ тогтмол 1,522 төгрөгийн дундаж үнэтэй байв.
Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2000-3670 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”-д хамгийн хямд буюу 2000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.
Фүжи алимын дундаж үнэ тогтмол 4,370 төгрөгийн дундаж үнэтэй байв.
ОХУ-ын өндөг дунджаар 275 төгрөг буюу 210-340 төгрөгийн үнэтэй байна.
“Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2095-2100 төгрөгийн үнэтэй байна. “Аи-76, 80” шатахуун тогтмол 1,690 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1795-1800 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” шатахуун түгээх станцуудаар 2080-2120 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байв.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд нөхөн сонгуульд оролцохыг дэмжлээ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд эхэлсэн билээ. ҮБХ-ны IV хурлыг нээж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм. Хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байна.
Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс үдээс өмнөх хуралдаанаар Сонгон шалгаруулах хорооны тухай журмын төсөл зэрэг хэд, хэдэн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний зэрэгцээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжив. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт
ҮБХ-ны IV хурал өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд “Монголоо сонсъё” үндэсний аяныг дүгнэж, тайлагнах зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх юм байна.
Д.Гантулгыг энэ сарын 17-нд шүүн
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Тодруулбал, Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.