8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нөхөн сонгуульд оролцох намуудын нэрс гарч,Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн өдөр

2018-08-07 18:45:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах  “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. 

Баянхонгор аймгийн Засаг дарга хууль бусаар алт олборлож байгаа компаниудыг өөгшүүлж байна

Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.  Тэд Баянхонгор аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга нар Жаргалант сумын Бөөргийн голд нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийлгэж, таван сумыг ундаалдаг “Байдраг” голын эхийг бохирдуулж байгаа, хууль бусаар алт олборлож байгааг онцолсон юм. 

 “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын тэргүүн А.Энхтөр “Нөхөн сэргээлт хийх нэрээр манай сум орон нутагт 2013 оноос олон алт, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс болж "Байдраг гол болон бусад гоү, булаг шанд гол, ус бохирдож, ширгэхэд хүрээд байна.  "Байдраг" гол Бөөнцагаан нуур хүртэл 300 орчим км урсдаг цор ганц гол. Энэ гол таван сумын хүн малыг ундаалж байна" гэв. 

Мөн  “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ж.Энхдөлгөөн “Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2-3 компани хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нь нөхөн сэргээлт огт хийдэггүй, сум хөгжүүлэх сангийн дансанд 100 сая төгрөг төлдөг ч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд захиран зарцуулж, нөхөн сэргээлт нэрийдлээр уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Засаг дарга болон тус аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар өөгшүүлж байна" гэсэн юм. 

Түүнчлэн хууль бусаар алт олборлож байгаа компаниуд  иргэний чацаргана тариалах талбайд алт олборлож эхэлсэн аж.  Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад эдгээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлж байгаагаа дурдсан юм. 

ТАНИЛЦ: Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн 5 нам

Улс төрийн намууд  ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явагдах УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор мэдэгдсэн байна. 

Тухайлбал, 

-Монгол Ардын Хувьсгалт Нам,

-Хөдөлмөрийн Үндэсний Нам,

-Ардчилсан Нам,

-Дэлхийн Монголчууд Нам,

-Үнэн ба Зөв Нам.

Эдгээр намууд нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. 

Мөн нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 08-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр МАН Бага хурлаа хуралдуулж нөхөн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд нөхөн сонгуульд оролцохыг дэмжсэн шийдвэр гаргаад байгаа билээ.  Мөн Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан юм.  

"Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгаас болж 270 гаруй айл хохирч байна" гэв

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а байрны оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийв.  Тус байранд нийтдээ 270 гаруй өрх айл амьдардаг аж. Уг 12а байрны хажууд буюу есөн метрийн зайд таван давхар барилга баригдаж байгаад оршин суугчид эсэргүүцэж байгаагаа онцолсон юм.  Таван давхар барилга нь хоёр байрны иргэдийн нар үзэх эрхийг хаагаад зогсохгүй 11 дүгээр хорооллын нийтийн бохирын шугам дээр зөвшөөрөлгүй баригдаж байгаатай юм байна. 

 12а байрны оршин суугч Ц.Галбаатар "Энэ барилга баригдсанаар хоёр байрны 240 гаруй оршин суугч нар, салхи үзэж чадахааргүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.  Энэ барилга анх 2012 онд эсгий гэр, жорлон бүхий хашаа байж байгаад сэндвичэн байшин болсон. Одоо таван давхар барилга болон сүндэрлэж байна. Энэ барилгын ажлыг Э.Бат-Үүл 2015 онд хотын засаг дарга байхдаа оршин суугчдын гомдлоор зогсоож байсан" гэв.

Үерт нэг айлын 300 мал хорогджээ 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Ар бүүрэг” гэх газар өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 15:00 цагийн орчим орсон аадар борооны улмаас үер буужээ. Уруйн үерийн улмаас мал урссан тухай дуудлага өчигдөр 15:50 цагт ирсэн байна.

Тодруулбал, тус багийн харьяат малчин Б-гийн 300 орчим мал уруйн үерт урсан хорогдож, 400 орчим бог мал үерт боогдсон аж. Иргэний дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиж хоёр цаг ажиллан, үерт боогдсон 400 орчим бог малыг аюулгүй газарт гаргасан байна. 

Хэрлэн голын усны түвшин ихэсчээ

Хэрлэн голын усны түвшин өнөө өглөөний байдлаар 188 см-т хүрсэн гэж Дорнод аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Энэ нь үерийн түвшинг арван см-ээр давсан гэсэн үг. Чойбалсан хот орчимд усны түвшин их гүндээ 2 м 30 см-т хүрчээ. Иймд голын эргийн дагуу суурьшин нутаглаж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ зун бороо хур ахиу орсноор Хэрлэн гол үерлээд байгаа ч Халх гол, Буйр нуур, Улзын голын усны түвшин олон жилийн дунджаас бага хэвээр байгаа юм. Тухайлбал, Халх гол сумын орчимд 153 см, Ялалт баг орчимд 419 см байгаа нь олон жилийн дунджаас 6-17 см-ээр бага байгаа бол Улзын гол Баян-Уул сум орчимд 122 см, Дашбалбар сум орчимд 72 см байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн сарын сүүлээр тус аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Гүнцэнгэлэг нууранд живж байсан гурван охины амийг хэсэг залуус аварсан бол мөн энэ үеэр бага насны эрэгтэй хүүхэд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ сарын 4-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгдлээ. Найман настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халuуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна.


Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна. 

Тухайн тохиолдолд сэжигтэн ээж аавын хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байгаа нь хэрэв өвчилсөн бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй бөгөөд түүнээс гарах хор хохирол асар их болохыг харуулж байна. 


Хуулиар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй байгаа, Нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол илэрхийлж байна. 
Иймд хууль хяналтын байгууллагууд ард иргэд хамтран ажиллаж аюулт өвчний эрсдэлээс сэргийлэх нь чухал байна.

МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ

Монгол Ардын Намын бага хурлын 2-р хуралдаан өчигдөр Тугаар тогтнолын ордонд  хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн.

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

Өнөөдөр 11 цаг 40 минутад Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Содбаатар МАН-ын гишүүн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль Эрх Зүйн газрын дарга Р.Саруул нар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд гардуулан өглөө.   

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Н.Байгалмаа Эстони улсын иргэн Рой Страйдерийг шүүх дээр ялжээ 

Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршсан Э.Цэрэндолгорын бэр, тэмээчин бүсгүй Н.Байгалмаа шүүхэд ялжээ. Эстони улсын иргэн Рой Страйдер нь Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Харин шүүхээс дээрх маргаанд Н.Байгалмаа ялсан болохыг нөхөр И.Нямдорж нь өнөөдөр  фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. 

Компаниуд тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК, "Дархан нэхий" ХК, "Говь" ХК, "Махимпекс" ХК, "Мик Холдинг" ХК, "Сүү ХК", "Талх Чихэр" ХК зэрэг компаниудын 2018 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэ удаад 1-р ангиллын компаниудаас гадна олон нийтэд тайлангаа танилцуулах сонирхлоо илэрхийлсэн 2-р ангиллын зарим компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 

Компанийн нэр  Хуваарьт өдөр Цаг 
1 "АПУ" ХК 2018.08.08 14.00
2 "Монгол шуудан" ХК 16.00
3 "Говь" ХК 2018.08.09 14.00
4 "Сүү" ХК 16.00
5 "Мик Холдинг" ХК 2018.08.10 14.00
6 "Тавантолгой" ХК 15.00
7 "Дархан нэхий" ХК 16.00
8 "Мах Импекс" ХК Одоогоор баталгаажаагүй 
9 "Талх Чихэр" ХК
10 "Ай Түүлс" ХК 2018.08.13 14.00

(Бусад компаниудаас тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлсэн тухай бүр бид мэдээллийг нэмж оруулах болно)

Иймд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч та бүхэн Монголын хөрөнгийн биржийн байранд хүрэлцэн ирж, компаниудын хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэлтэй танилцахыг урьж байна. 

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 59 891 хүүхэд хамрагдаад байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Эхлээд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил өнгөрсөн 14 хоногт Засаг даргын зүгээс өгсөн үүрэг, даалгаварын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газрууд мэдээлэл хийв.

Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэгт 113521 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 77.6 хувь юм. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн болон төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Өмнөх хичээлийн жилд зөвхөн хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны бүх хүүхэд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах юм байна. Цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар цахимаар 59891 хүүхэд бүргүүлсэн байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 24-ний БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна” хэмээлээ.

Энэ жил төрийн өмчийн 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь бүрэн ашиглалтад орсон тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орох аж. Үлдсэн найм нь энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Мөн Улаанбаатар хотод 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга энэ онд баригдаж эхлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл