8o
Улаанбаатар хот
mobile menu

Доройтсон бэлчээрийг сэргээх боломжтой гэж үзэж байна

2018-08-08 14:30:00

Энэ сарын 2,3-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөний үеэр “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах нь” сургалт, семинар болсон. Сургалт, семинарын үеэр илэрхийлсэн талуудын байр суурийг хүргэе.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхэлж, малчдын амьдралын баталгааг хангах нэг баталгаа нь бэлчээр. 2015 онд гаргасан ‘Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ’ тайлангаас харахад нийт бэлчээрийн 65 хувь доройтжээ. Сайн мэдээ гэвэл одооноос малын бэлчээрт үзүүлэх ачааллыг зөв тохируулж чадвал 10 хүртэл жилийн дотор доройтсон бэлчээрийг сэргээх боломжтой гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

Бэлчээрийн менежментийг сайжруулахын тулд малчид нэгдсэн зохион байгуулалтад орж, дундын бэлчээрээ ашиглах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь сайн хэрэг. Малчдын энэхүү санал, санаачилгыг дэмжиж, хадлан, тэжээл бэлтгэх тал дээр технологийн зөвлөмж өгч ажиллахыг орон нутгийн удирдлагууд дэмжих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр асуудлыг том агуулгаар нь харж, отор нүүдлийг зөв зохион байгуулах, бэлчээрээ сэлгэх, амраах, бэлчээр ашиглагчдыг хариуцлагажуулахын тулд Бэлчээрийн тухай хуультай болох нь зүйтэй гэдгийг ‘Ногоон алт, малын эрүүл мэнд’ төслийнхөн хэлж байна.

Монгол орны зүүн бүс Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим сумдын бэлчээр хүчтэй доройтсон. Говьсүмбэр аймгийн тухайд 466,3 мянган га бэлчээрийн талбайтай, 438 мянга гаруй толгой малтай. Жил бүр бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. 2018 онд гэхэд 10 га-д олон наст ургамал тариалж, хоёр инженерийн хийцтэй худаг ашиглалтад оруулж, бэлчээрийн мэрэгчидтэй тэмцэж байна. Улсын төсвийн болон төслийн санхүүжилтээр хийж буй эдгээр ажлыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах, улмаар бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх дорвитой арга хэмжээ авахын тулд малын хөлийн татвартай болохыг малчид дэмжиж байгаа гэдгийг Говьсүмбэр аймгийн ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн илэрхийллээ.

Бэлчээрийн даацдаа тохирсон мал аж ахуй эрхлэх шаардлага өдөр ирэх бүр зүй ёсоор тулгарч буй өнөөгийн нөхцөлд нийгэмд хүлээлт үүсгэсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөлд мэргэжлийн байгууллага, холбоод, эрдэмтэн судлаачид, малчдаас санал авч, эцэслэн боловсруулж, батлуулахаар салбар яам ажиллаж байна. Малчдаас малын хөлийн татвар авах асуудлыг хуульчиллаа гэхэд татварын орлогыг эргээд малчдын амьдралыг сайжруулах, бэлчээрээ хамгаалах, хадлан, тэжээл бэлтгэх, худаг гаргах зэрэг тодорхой ажлуудад зарцуулах болно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment