8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгаж, Дорнод аймгаас арслан зааны соёо олдсон өдөр

2018-08-08 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. 

Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авна уу.

Ц.Нямдорж: Вэйсел Акчайтай холбоотой нууцын зэрэглэлтэй асуудал байгаа

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрсөн сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Энэхүү үйл явдалаас хойш 10 гаруй хоног өнгөрсөн ч ЦЕГ-аас түүнийг хулгайлахыг завдсан этгээдүүдийг олоогүй байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл хийх үеэр " Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "гадаад царайтай хүнийг нүүрэндээ маск зүүсэн, үл таних гурван этгээд машиндаа хүчээр суулгаж авч явлаа" гэж иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн.Үүний дагуу Эрүүгийн Цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн мөрдөн шалгах хэлтэс болон Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гарч ажилласан. Турк сургуулийн захиралтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгууллаттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хуулийн 13.2.1 заасны дагуу хүнийг хулгайлах гэмт хэрэг, бүртгэлийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг эрүүгийн хуулийн 13.2.1 зүйл анги нь хүнийг хулгайлах буюу тийм нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон тохиолдолд нэгээс таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар тухайн гурван этгээдийг олж тогтоосон зүйл байхгүй. Турк сургуулийн захирлыг хамгаалалтанд авсан" хэмээн мэдээлэл өгсөн. 

Мөн тус хэргийн талаар Турк улсаас манай улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал хэвлэлд ярилцлага өгөхдөө " "Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг Турк улс гэмт хэрэгтэн гэж үзэж эрэн сурвалжилж байгаа. Туркийн хууль хяналтын байгууллагын хүсэлтийн дагуу түүнийг Турк руу шилжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьсан байдаг. Хүсэлт хүргүүлсэн нь саяхны явдал биш. 2013 оноос хойш хүсэлт тавьсан байдаг. Иргэн Вейсел Акчай Туркийн хууль шүүхийн өмнө очиж зөв буруугаа тогтоолгох асуудал бий. Харин энэ хүнд Монголын хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авах нь тусдаа зүйл. Одоо Вейсел Акчай Монголд байгаа болон эсвэл аль нэг тийшээ явсан эсэхийг бид мэдэхгүй" хэмээн хэлсэн байна. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос  долдугаар сарын 27-ны өдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар тодрууллаа.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад цагдаа нар хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц явдал болсон. Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байгаа. Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй" хэмээн хэллээ. 

10 нас хүрээгүй хүүхдийг автомашиндаа үлдээхийг хориглосон дүрмийг мөрдөнө

Замын хөдөлгөөний дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

  • Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.
  • Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ.
  • Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.
  • Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.
  • Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.
  • “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.  


Д.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс   түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүсэн юм. Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Д.Мурат, хохирогч Д.Бахытгүл нар өөрийн биеэр оролцсон юм.

Харин хохирогч Д.Бахытгүл энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Мөн дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгэ мэдэгдсэн байна. 

Гадаадад суралцагчдад үл хөдлөх хөрөнгө барьцаалж, зээл олгоно

Их, дээд сургуульд суралцах хүсэлтэй ч сургалтын төлбөрөө төлж чадахгүй байх тохиолдол бий. Энэ асуудлыг төрөөс шийдэж оюутнуудад хөгжлийн зээл олгож эхэлсэн. Тэгвэл энэ онд 75 мянган төгрөгийн зээлийг оюутнуудад олгохоор болсон байна.

Жилийн таван хувийн хүүтэй олгодог байсан оюутны хөгжлийн зээлийг оюутнуудад хүүгүй олгохоор Засгийн газраас шийдсэн. Ингэснээр жилд 35-37 мянган оюутан зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх  юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа. Энэ нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзжээ.

Түүнчлэн гадаадад сурч буй оюутнуудын хувьд дэлхийн шилдэг сургуулийн зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд сурдаг бол оюутны хөгжлийн зээлийг авах боломжтой юм байна.

Бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зээл олгохдоо  сургалтын болон амьжиргааны түвшний зээлийг нэг оюутанд нэг удаа олгох аж.

Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл олгохдоо магистрантад 2 жил, докторантад 3 жил,  бакалавр 4 жил хүртлэх хугацаатай үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгоно. Гэхдээ  дэлхийн шилдэг их дээд сургуульд баклаврын түвшинд сурч буй оюутан тухайн сургуулийнхаа сургалтын төлбөрийн албан ёсны нэхэмжлэх дээр төлбөр нь хэд гэж заасан байна түүнийг нь олгох боломжтой юм байна.

Магистар докторын зэргийн оюутануудад 16000 ам.долларын зээл олгох юм байна. Тухайн зээл авч байгаа оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаалаад  зээлээ авч гэрээ хийнэ. Сургуулиа төгсөөд эх орондоо 5 жил хувийн болон улсын байгууллагад үр бүтээлтэй нийгмийн даатгалаа төлөөд ажилласан байх ёстой. Үүний дараа тухайн оюутаны ажилласан байдлыг харгалзан үзээд зээлээс чөлөөлж болохоор юм байна. Дэлхийн шилдэг их сургуульд сурч буй оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаалан төлбөрөө зээлэх боломж бүрдэж байна.

Бүрдүүлэх бичиг баримт:

-Гэрээ

-Сургуулийн урилга, нэхэмжлэх

-Боловсролын бичиг баримтын хуулбар


-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилггээний хуулбар


-Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан эсэх лавлагаа


-Үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн итгэмжлэл


-Иргэний үнэмлэхний хуулбар


-Визний хуулбарын хамт бүрдүүлэн зээл авах юм байна.

Орон нутагт зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ өчигдөр зам тээврийн осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын автомашин, “ХОНДА CРВ” загварын суудлын автомашинууд мөргөлджээ. Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч 20 км замыг туулан очиход 69 настай, эмэгтэй Х амиа алдсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Нөхөн сонгуульд 14 нам оролцох хүсэлтээ өгчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлт хүлээн авах хугацаа өчигдөрөөр дуусгавар боллоо. Тодруулбал, нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг 14 нам өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо 2018 оны наймдугаар сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргана. 

Тодруулбал,

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам,
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам,
  3. Ардчилсан Нам,
  4. Дэлхийн Монголчууд Нам,
  5. Үнэн ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам,
  7. Монголын Ногоон Нам,
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам,
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам,
  10. Зон Олны Нам,
  11. Монгол Консерватив Нам,
  12. Иргэний Зориг-Ногоон Нам,
  13. Ард Түмнээ Хайрлая Нам,
  14. Бүгд Найрамдах Нам 

Зургаан настнуудыг энэ сарын 20-ноос бүртгэж эхэлнэ

Шинэ хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана

Энэ хичээлийн жилийн хамран сургах тойрог өнгөрөгч тавдугаар сарын 14-нд НБГ-ын Даргын тушаалаар батлагдсан бөгөөд үүнээс хойш өөрчлөлт ороогүй аж. 

Хүүхдээ хаясан эмэгтэйд 1 жилийн ял оноожээ


Өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясан хэрэг гарч байсан юм. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгджээ.  

Тодруулбал 1996 онд төрсөн А гэх казах бүсгүйд Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна

ОУВС-аас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн IV шатны үнэлгээг хийлээ

Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон билээ.  

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх аж. Энэ удаагийн буюу тав дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны 07-р сарын 25-аас 8-р сарын 06-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийлээ. 

Гамшгийн голомтод ажилласан албан хаагчдад томилолтын зардал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр боллоо.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлнэ

  Төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэлээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгохоор болов. Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө. 

”Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдаас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин /20-25 ам.доллараар хямд/ бага зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх юм. 

Төмөр замыг даган орон нутагт ажлын байр нэмэгдэж, байгаль орчны доройтол, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан ч санхүүжилтгүйн улмаас 2015 оноос хойш ажил зогсоод байгаа юм. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани 200 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой бөгөөд 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөөд байна. Төмөр замыг барьж дуусахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжихтай холбоотой асуудлыг хэлэлцэв

“Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилов.

  Одоогоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалахаар бэлтгэлээ хангаж байна. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан энэ ажлыг хийх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага үүсчээ. Иймээс энэ чиглэлээр шуурхай ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд болон компанийн удирдлагуудад даалгав. 

Сургууль, цэцэрлэгийг төсвийн хөрөнгөөр худалдаж авна

  Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Нарны хороолол”-ын хойно “Гранд слаб” компанийн барьсан 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг худалдан авах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж батлуулахаар болов. Иж бүрэн тоног төхөөрөмж бүхий дээрх сургууль, цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, дүрмийг нь батлан, есдүгээр сараас ажиллуулж эхлэхийг салбарын сайдад даалгалаа.

Баянгол дүүргийн III хороо 13 мянга гаруй хүн амтай бөгөөд “Нарны хороолол” буюу Үйлдвэрийн төвийн бүсэд 5700 хүн амьдардаг. Үүнээс 4780 нь 0-18 насны хүүхэд юм. Сургууль, цэцэрлэгт “Нарны хороолол”, “Гранд вилл”,  “Цагдаа”, “Есөн эрдэнэ”, “Уран ган”, “Алтай” хотхоны хүүхэд, багачууд сурч, хүмүүжих боломж бүрдэж байна.

Засгийн газар “Анги дүүргэлт өндөр сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэн, сургууль, цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ өндөр хот, сууринд хөрөнгө оруулалт төвлөрүүлж, шинээр барих, өргөтгөх, засварлах чиглэлээр ажиллана” гэж үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм.

Хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй сая төгрөг зарцуулна

  Өнгөрсөн сард орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Хашаат сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур хугарсан. Мөн Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, төв аймгийн нутаг дахь автозам, замын байгууламж эвдэрсэн юм. Хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах 742 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Гамшгийн голомтод ажилласан албан хаагчдад томилолтын зардал олгоно

  Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

  Мөн оны эхний хагаст Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үеэр ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолтын мөнгө болох 470 сая төгрөгийг нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтлоо.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг батлав

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбай нь үнэт, өнгөт, ховор, хүнд металл болон нүүрс гэсэн хэтийн төлөвтэй байх нь . Энэ нь уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байна.

Талбайн солбилцлыг баталснаар энэ онд 170 орчим талбайд сонгон шалгаруулалт зарлах юм. Өөрөөр хэлбэл сард хоёр удаа 25-30 орчим /талбайн дундаж хэмжээ 5000 гектар/ талбайд сонгон шалгаруулалт явуулж улсын төсөвт 25 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.

Сонгон шалгаруулалтаар олгох 8.48 сая гектар талбай нь нийт нутаг дэвсгэрийн 5.56 хувь бөгөөд хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл, тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газар, улсын нөөцөд авсан талбайтай давхцаагүй байна.  

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ

Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ.

Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.

Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.

Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.

“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.  

Товч мэдээ

-  2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын саналыг хэлэлцэв. Асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, Төлөөлөгчийн газар байгуулах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав.

-  Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ төслийг батлавал 40 гаруй жил ашиглаж байгаа дэд станцуудын тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэх юм.

-  Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрийн хүрээнд байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэн, багш нараа харилцан солилцож, туршлагаа хуваалцан, уулзалт, бага хурал зохион байгуулах юм. 

-   “Сонгодог урлаг III” үндэсний хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжид хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэхээр болов. Хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлнэ.

-  Энэ сарын 20-23-нд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хурал болно. Хуралдаанаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

-  ОХУ-ын Пермь хотод болдог олон улсын сонгодог бүжгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн бүжигчин Р.Булган, Бүгд Найрамдах Чех Улсад зохиодог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Э.Хануй, Э.Эмүжин нарт мөнгөн шагнал олгохоор болов. 

Дорнод аймгаас 15-35 мянган жилийн өмнөх арслан зааны соёо олджээ

Ховд аймгийн Мянгад сумын иргэн Дорнод аймгийн Баяндун сумаас арслан зааны соёог олжээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр  тус сумын уурхайд ажиллаж байхдаа олдворыг санамсаргүй илрүүлсэн гэнэ. Улмаар арслан зааны соёог Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн аж. Арслан зааны соёог Палеонтологийн хүрээлэнгийн хамгаалалтад авсан бөгөөд мэргэжилтнүүд 15-35 мянган жилийн өмнөх арслан зааны соёо байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Монголынхоо сайхан аавууддаа "Аавуудын баярын өдөр"-ийн мэнд хүргэе

Өнөөдөр Олон улсын аавуудын өдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс 2005 оны наймдугаар сарын 8-аас эхэлж тэмдэглэж ирсэн байна. Харин олон улсад анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон түүхтэй аж.  Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь таван хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн гэнэ. Улмаар 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ерөнхийдөө дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм байна. 

Айл гэрийн ноён нуруу, эх орны түшиг тулгуур болсон монголынхоо сайхан аавууддаа "Аавуудын баярын өдөр"-ийн мэнд хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл