2016 онд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд дундаас хүчингийн хэрэгт нэр холбогдсон нэг бус УИХ-ын гишүүн байгаа. Түүний нэг нь Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мурат юм. Анх 2017 оны 8 сард УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-ын гишүүний албан тушаалаараа “сүр далайлган” нэгэн эмэгтэйг элдвээр “оролдон”, түүнийг садар самуун явдалд уруу татахыг завдан, бэлгийн харилцаанд орохыг санал болгож, удаа дараа мессэж бичиж, хэл амаар доромжлон, нүцгэн шалдан зургаа илгээж, үүнийг нь олон нийтэд мэдээлнэ гэсний төлөө тухайн эмэгтэйг зодсон гэсэн мэдээлэл олон нийтэд ил болсон.Хохирогч Б.Бахытгүл гэх эмэгтэй тус хэргийг илчилж, Д.Мураттай харьцаж байсан мсж, болон түүний явуулж байсан садар самууныг сурталчилсан гэх мэт нотлох баримтуудаа ил болгоод байгаа юм. Тус хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүхийн шийдвэрээр Д.Мурат, М.Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан юм. Тодруулбал,
Шүүхийн албан ёсны шийдвэр:
"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгалаа. Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэсэн шүүхийн шийдвэр гаргалаа.
Шүүхийн шийдвэрийн талаар хохирогч Б.Бахытгүлээс тодруулахад "Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчийнхөө хамт дараагийн шатны шүүхэд давж заалдана. Шүүх шударга бус шийдвэр гаргалаа. Ер нь Монголын төрийн эмгэнэлийн үнэн төрх нь Д.Мурат. Тэр их сургууль байтугай, коллеж ч төгсөөгүй, боловсролгүй, өнөөгийн төрийн гутамшиг шүү дээ. Тэрийг хэн тоож улстөрийн золиос хийх вэ дээ. Түүний шүүх хурал ирэх долоо хоногт болох юм байна. Д.Муратын хийсэн бузар, ёс бус энэ үйлдлийг нийгэм мэдэж, харж,ойлгож байгаа. Д.Муратын ёс бус үйлдлийг 34.19-р цагаатгаж байгаа нь шүүх шударга бус, эрх мэдэл, мөнгөнд л үйлчилдэг гэдгийг би өөрийн биеэр мэдэрлээ. ХҮМҮҮСЭЭ ХҮН АМЬТАНААР ЗОДУУЛАХДАА ЗААВАЛ ХӨНДЛӨНГИЙН ХҮНД ХАРУУЛЖ ЗОДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ШҮҮ!!! Монгол Улсын ШШЕГазрын гаргасан дүгнэлтийг шүүх бол үгүйсгэж байна. 2 том эмнэлгийн тангараг өргөсөн эмч нарын үзлэгийн картыг үгүйсгэж байна. Хар мянган зураг, мсж байхад үгүйсгэж байна!!!! ШҮҮХ БОЛ ШУДАРГА БУС УЧРААС МОНГОЛЫН ТӨР ,НИЙГЭМ ИЙМ ЭМГЭНЭЛД ХҮРСЭН ГЭДЭГТ ТА НАР МАРГАХГҮЙ БИЗЭЭ. ЗА тэгээд гишүүн юм бол хүн зодож, ёс зүйгүй авирлаж, юм л бол гүтгэлэг, эвлүүлэг ,улс төр гээд л яваад байх нь Төрийн толгойдоо ард түмэн хэнийг суулгасан гэдгээ бодох цаг нь болжээ" хэмээн хэллээ.