26o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголын мэргэн буучид тавдугаар байрт орж, Малдаа явсан охин сураггүй алга болсон өдөр

2018-08-09 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 

Б.Бахытгүл: Д.Мурат коллеж ч төгсөөгүй, боловсролгүй, өнөөгийн төрийн гутамшиг шүү дээ

2016 онд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд дундаас хүчингийн хэрэгт нэр холбогдсон нэг бус УИХ-ын гишүүн байгаа. Түүний нэг нь Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мурат юм. Анх 2017 оны 8 сард УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-ын гишүүний албан тушаалаараа “сүр далайлган” нэгэн эмэгтэйг элдвээр “оролдон”, түүнийг садар самуун явдалд уруу татахыг завдан, бэлгийн харилцаанд орохыг санал болгож, удаа дараа мессэж бичиж, хэл амаар доромжлон, нүцгэн шалдан зургаа илгээж, үүнийг нь олон нийтэд мэдээлнэ гэсний төлөө тухайн эмэгтэйг зодсон гэсэн мэдээлэл олон нийтэд ил болсон. Хохирогч  Б.Бахытгүл гэх эмэгтэй тус хэргийг илчилж, Д.Мураттай харьцаж байсан мсж, болон түүний явуулж байсан садар самууныг сурталчилсан гэх мэт нотлох баримтуудаа ил болгоод байгаа юм. Тус хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүхийн шийдвэрээр Д.Мурат, М.Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан юм.  Тодруулбал,

ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгалаа. Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэсэн шүүхийн шийдвэр гаргалаа. 

Шүүхийн шийдвэрийн талаар  хохирогч  Б.Бахытгүлээс тодруулахад "Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчийнхөө хамт дараагийн шатны шүүхэд давж заалдана. Шүүх шударга бус шийдвэр гаргалаа. Ер нь Монголын төрийн эмгэнэлийн үнэн төрх нь Д.Мурат. Тэр их сургууль байтугай, коллеж ч төгсөөгүй, боловсролгүй, өнөөгийн төрийн гутамшиг шүү дээ. Тэрийг хэн тоож улстөрийн золиос хийх вэ дээ. Түүний шүүх хурал ирэх долоо хоногт болох юм байна. Д.Муратын хийсэн бузар, ёс бус энэ үйлдлийг нийгэм мэдэж, харж,ойлгож байгаа. Д.Муратын ёс бус үйлдлийг 34.19-р цагаатгаж байгаа нь шүүх шударга бус, эрх мэдэл, мөнгөнд л үйлчилдэг гэдгийг би өөрийн биеэр мэдэрлээ. ХҮМҮҮСЭЭ ХҮН АМЬТАНААР ЗОДУУЛАХДАА ЗААВАЛ ХӨНДЛӨНГИЙН ХҮНД ХАРУУЛЖ ЗОДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ШҮҮ!!! Монгол Улсын ШШЕГазрын гаргасан дүгнэлтийг шүүх бол үгүйсгэж байна. 2 том эмнэлгийн тангараг өргөсөн эмч нарын үзлэгийн картыг үгүйсгэж байна. Хар мянган зураг, мсж байхад үгүйсгэж байна!!!! ШҮҮХ БОЛ ШУДАРГА БУС УЧРААС МОНГОЛЫН ТӨР ,НИЙГЭМ ИЙМ ЭМГЭНЭЛД ХҮРСЭН ГЭДЭГТ ТА НАР МАРГАХГҮЙ БИЗЭЭ. ЗА тэгээд гишүүн юм бол хүн зодож, ёс зүйгүй авирлаж, юм л бол гүтгэлэг, эвлүүлэг ,улс төр гээд л яваад байх нь Төрийн толгойдоо ард түмэн хэнийг суулгасан гэдгээ бодох цаг нь болжээ" хэмээн хэллээ.

"Хурд" группын барилга дээр осолж гарч нэг хүн амиа алджээ

"Хурд" группын барилга дээр осолж гарч нэг хүн амиа алсан гэх мэдээлэл гарч эхэлсэн билээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "ХУД-11 хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн  мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдрийн  19:22-д дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлагын дагуу шалгахад цагдаагийн байгууллага шалгахалд Хурд группын барилгын туслах ажилтан СХД-11  хороодн оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдон шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна" гэв. 

Одоогоор хэргийн газар холбогдох албаныхан үзлэг шалгалт хийж ажиллаж байгаа юм байна. 

Л.Гүндалай Хэнтийд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн үү

 Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуул, ирэх аравдугаар сарын 7-ны өдөр болохоор товлогдсон. Өчигдрийн байдлаар 14 намын тус тойрогт өрсөлдөх хүрсэлтээ СЕХ-д ирүүлсэн байсан. 

Тэгвэл Хэнтий аймагт болох нөхөн сонгууль Ард түмнээ хайрлах намаас Л.Гүндалай нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлээд байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй Л.Гүндалайгийн сурталчилгааны баг албан бусаар Хэнтий аймагт ажиллаж эхэлсэн сурагтай гэнэ. 

Малдаа явсан 13 настай охин сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газарт иргэн Б-гийн 13 настай охин энэ сарын 07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн, 4 автомашин, 15 мотоцикл, 17 морьтой эрэн хайх ажиллагааг Товог уулын орчмоор 15 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр орой 21:55 цагт түр зогсоосон байна.

ОУВС: МУ-ын ЭЗ сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна

Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон.  Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийж мэдээллээ танилцуулж байгаа юм.  Энэ удаагийн буюу 5 дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд манай улсад ажиллаж дараах үнэлгээг хийсэн байна. Ингээд  тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар  хэрхэн хийсэн талаар танилцуулж байна. 


Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээ

Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргаж байгаа хэвлэлийн мэдээлэл нь гишүүн оронд ажилласан ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулдаг. Энэхүү мэдээлэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг илэрхийлэх албагүй юм. Ажлын хэсэг үнэлгээний урьдчилсан дүppгнэлтэнд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

Жэф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2018 оны 7 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм. 

Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, дунд хугацааны төлөв болон өрийн тогтвортой байдал, санхүүгийн тогтолцоог шинэчлэх болон ядуу иргэдийг хамгаалах замаар өсөлтийг бий болгоход шаардлагатай байгаа бодлогын болон бүтцийн өөрчлөлтүүд зэрэг асуудлын хүрээнд  өрнөлөө.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргав. Үүнд:

“Ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээнд дэх үр дүнтэй яриа, хэлэлцээрүүдийг эрх баригчидтай хийлээ. Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна. 

“Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ.

“Ажлын хэсгийг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье.”

Машин угаалга, засварын газруудыг бүртгэлжүүлж байна

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл хүргэж эхэллээ.

Эхний өдрийн байдлаар нийт 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Автотээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж буйд 2018 оны 09 дүгээр сард удирдамжтай шалгалт хийх юм байна. 

Монголын мэргэн буучид тавдугаар байрт оржээ

Олон улсын цэргийн тоглолтод оролцож буй монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлжээ. Мэргэн буучдын тэмцээн Беларусь улсын нутаг дэвсгэр дээр долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 09-ний өдрүүдэд зохиогдсон байна. Шагналын төлөө ОХУ, Беларусь, Филиппин, Серби, Мьянмар, Казахстан, Иран, Монгол, Армен, Хятад, Азербайжан, Зимбабве, Марокко, Венесуэл, Узбекистан, Киргиз, Бангладеш, Сири улсуудын мэргэн буучид өрсөлдсөн юм. 

Тэмцээний эхний шатанд Монголын баг шилдэг найман багийн тоонд багтжээ. Тэмцээнд 18 орны цэрэг эрс оролцов. Энэ үеэр 10 хоногийн дотор шилдэг мэргэн бууч, шилдэг мэргэн бууч хос, шилдэг мэргэн бууч багийг тодруулав. Беларусийн мэргэн буучид эхний байрыг эзэлсэн бол хоёрт ОХУ, гуравт Казахстаны баг оров. Монголын мэргэжлийн бус мэргэн буудагчид тавдугаар байрыг эзэлжээ.

Номт зөрлөгийн төмөр замд осол гарчээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутгаар дайрч өнгөрдөг Номт зөрлөгийн төмөр замд ноцтой осол гарчээ. Тодруулбал Номт-Цагаан хад чиглэлийн 1016 км төмөр замд засварын ажил гүйцэтгэж байсан кран осолдож төмөр замыг дамнан унасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч энэ чиглэлд явдаг галт тэрэгний хөдөлгөөн бүрэн хаасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ чиглэлийн төмөр замын модон дэрийг бетон дэрээр сольж, шинэчлэлийн ажлыг нь хийж дуусгах дөхсөн байжээ.

Баян-Өлгий аймгийн зарим суманд тарваган тахлын идэвхжил өндөр байгааг тогтоожээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгаанд Сийлхэмийн голомтын 32 секторын 2678.4 кв.км газар нутаг, 104 айл өрхийг хамруулсан байна. Тандалтын явцад 565 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулснаас тарваган тахал өвчний эерэг сорьц 156 илэрсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ.

Нийт эерэг сорьцонд нян судлалын шинжилгээ хийж тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр 44 илэрч дээрх сумдын нутаг дах тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвхийн эрчим нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ

Багийн бүрэлдэхүүнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтэнүүд явсан аж.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment