8o
Улаанбаатар хот
mobile menu

ОНЦЛОХ ИШЛЭЛ: 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов

2018-08-10 09:50:00

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөх юм. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Тэгвэл ямар өөрчлөлт орсныг ОНЦЛОХ ИШЛЭЛ-ээр  танилцуулж байна. 

1. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хоригложээ.

2. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

3.Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй үйлдэл хийхийг хориглосон байна.

4. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байхаар тусгажээ. 

5. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгасан байна.

6. 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.

7. Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой.

8. Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.

9. “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. 

10. Замын тэмдэг, гэрлэн дохио болон хөдөлгөөн зохион байгуулах бусад техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, дур мэдэн байрлуулах үед хууль хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээнэ.

11.Жолооч нь хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. 

12. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 

13. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.

14. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

15. Харааны бэрхшээлтэй хүн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байвал зохих бөгөөд хэрэв зорчих баримжаа алдаж, явган хүний гарцын байршлыг тогтоож чадахгүй болсон буюу гэрлэн дохионы заалтыг мэдэх боломжгүй бол бусдын туслалцааг авах, ийм бололцоогүй тохиолдолд таягаар сайтар дохио өгч анхаарал болгоомжтой зам хөндлөн гарна. 

16. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

17. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.

18. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.

19. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл