Мал амьтны гоц халдварт өвчин болох Галзуу өвчний тохиолдол гурван аймагт бүртгэгджээ. Тухайлбал, Булган аймгийн Могод сумын Баясгалант багийн Хандын-Өвөлжөө гэдэг газар малчин О-гийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин туссан нь шинжилгээгээр тогтоогджээ.
Мөн Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн Бор хайрханы бэл гэдэг газар чоно малчин М-ийн баруун гар, 2 үхэр, 2 адууг хазжээ. Тухайн чоныг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайст багийн Цагаан хад гэдэг газар малчин Б-гийн 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч шинжилгээнд оруулсан бол тус аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Бэрх” гэдэг газар малчин У.Батжаргалын 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч шинжлүүлэхэд Галзуу өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.