8o
Улаанбаатар хот
mobile menu

Жил орж, мэнгэ голлогсод хар, цагаан чулуу, даавуу бэлдэнэ

2016-02-16 08:34:00

Сар шинийн золголт дуусч, ажил амьдрал үргэлжилж байгаа энэ үед гандан хийдийн ачаалал нэмэгддэг. Учир нь монголчууд шинийн наймнаас 15-ны хооронд засал номоо хийлгэж, ирж буй жилийнхээ өнгийг засдаг уламжлалтай.  Энэ нь шинийн 15-нд багтаан заслаа хийвэл буян арвиждаг гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд заслаа хэдийд ч хийлгэсэн үр дүн нь ялгаагүй ажээ.

Шинийн 15-ны дотор багтах гэж тэвдэх хэрэггүй

Харин  бурхны шашинд сар бүрийн шинийн 15-ны өдрүүдийг чухалчлах нь бий. Энэ нь доорхи түүхтэй холбоотой юм байна. 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалсан бөгөөд үүнээс хойш сарын эхний 15 хоногийг ихэд бэлгэшээдэг болжээ. Мөн бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд рид хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхагуудыг дарсан хэмээх  нь ч бий. Ямартай ч ном айлтгуулж, засал хийлгэх нь сэтгэлийн зүйл учир заавал шинийн 15-ны дотор багтах гэж тэвдэх хэрэггүй хэмээн хийдийн лам  тайлбарлаж байна.

Жил орох, мэнгэ голлох тухай

Жил орох: Жил орох гэдэг маань өөрийн жил 12 жилийн давтамжаар тохиохыг хэлж байгаа. Энэ жил шинээр төрөгсдийн жил орж байгаа. 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 гээд цааш явна. Жил орсон хүмүүсийн хувьд суурь засал номоо хийлгэх шаардлагатай. Тухайн жил орж буйгаас шалтгаалаад өөр өөр нигууртай. Тухайлбал, 13-ны жил гэхэд “Хүү жил буюу сэтгэл санаа хямрах”, 25-ны жил “Жаргал, зовлон ээлжлэх”, 37-ны жил “Хийморь доройтож, гарз гай гарах жил” гэх мэтээрээлжилдэг. Мөн “Хүү жил-1, Өөрийн жил-13, Нөхрийн жил-25, Дайсан жил-37” гэж байна.
Эндээс 37-ны жил нь дайсан жил буюу хамгийн их барцадтай жил юм. 49 насанд жил орохыг “их жил” гэдэг. Мөн 37, 73-ны жил ороход мэнгэ голлодог. Тиймээс засал номыг зайлшгүй хийж байх учиртай. Боломжтой бол жилээсээ өмнө нэг угтаж хийгээд, жил гарсны дараа дахин нэг засал хийхэд гэмгүй. Дээр хэлсэнчлэн онцлох засалтай хүмүүст ихээхэн хамаатай юм шүү. Заслаа хийлгэчихвэл жил орж байсан ч алзахгүй. Дээхэн үедайл өрхүүд улирал бүр “Жасын хурал” хийж байсан. Энэ нь ганцхан хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гарахад засал хийлгэх бус жилдээ дөрвөн удаа улирал эхлэх бүрт хийдэг байснаараа онцлог юм.

Мэнгэ голлох:  Хүн бүрт жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох жилүүд байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй гэдэг. Тиймээс учирч болох аюул, ослоос өөрийгөө хамгаалж засал ном хийлгэх учиртай. “Гал бичин” жил бар жилтэй “их харш” учир бар жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишид буюу “бага харш”-д могой, гахай жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайг Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн тооцоолж зурсан “Цаг тооны бичиг”-т онцолжээ. Тодруулбал их харш жилтэн болох бар жилтнүүд дүнсүр буюу /Өнцөг долоо/ их харш жилтэй учирна. Хулгай дайсан зохисгүй юм болж болзошгүй. Иймд Жамбалцанжод, Дашзэвэг, Найман гэгээн айлдуул. Замд явбал Далха тахиулах юм байна.

Заслаа хийлгэхлдээ юу бэлдэж очих вэ?

Энэ жил жил орж байгаа 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настангууд “Нашидүрсэм” хэмээх өвдөх, үхэх, гарлага гарах аюултай дараалсан гурван жилийн засал хийлгэх аж. Энэ заслын хийлгэхдээ есөн хар, цагаан чулуу бэлдсэн гэнэ. Зарим хүмүүс хагалсан чулуугаар заслаа хийлгэдэг. Гэвч энэ нь буруу бөгөөд уг ёсондоо голын мөлгөр чулуугаар заслаа хийлгэх ёстой аж. Мэнгэ нь голлосон өөрийн мэнгэний өнгөний дөрвөн хурууны хэмжээтэй даавуугаар заслуулдаг байна. Энэ жилийн тухайд хоёр хар мэнгэ тул хар өнгийн даавуугаар заслаа хийнэ. Суудлын өнцөг заслыг уг нь нохой болон хонины толгойгоор хийдэг байжээ. Харин орчин үед зургийг нь зураад хийдэг болсон байна. Суудал салгахад улаан болон цагаан утсаар салгадаг. Тухайн жилийн зурхайд сэржим өргөх, балин хийх зэрэг зан үйл байж болдог аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
.
.
2020/05/09 202.9.46.198
  • Recent
  • Most Read
  • Most Comment