МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ЗТХЯ-ны дэд сайдад УБТЗ-ын орлогч Л.Халтарыг дэвшүүлэхээр болсоноо мэдэгдсэн. Улмаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УЗ-өөс гарсан шийдвэрийг хэлэлцэнэ. Мөн энэ томилгоотой холбоотойгоор сайд, дэд, төрийн нарийн бичгийн даргын суудалд очих хүмүүсийн туалаарх яриа гарч эхэлсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэглээр таамаг төдий нэр явагдаж эхэлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг "ЗТХ-ийн сайдаар томилогдоно" гэх мэдээлэлд тэд байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд "Бид 2016 онд МАН иргэдийн итгэл найдварыг хүлээж 65-н суудал авч Төрийн бүх шатанд ажиллаж байна. Тиймээс төрийн үйл хэргийг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэж ирэх онуудад ард түмнээрээ дүнгээ тавиулах ёстой. Намайг сайд болно гэсэн яриа гарсан байна лээ. Би сайд болохгүй. С.Бямбацогт сайд болчихвий гэж бодож байгаа хүмүүс тайван бай" гэв.
Д.Амарбаясгалан: Би салбарын сайдад нэрээ дэвшүүлэхгүй
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Би салбарын сайдад нэрээ дэвшүүлэх бодолгүй байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хийх ажил их байна. Намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, намд хариуцлага ёсзүйг тогтоох, намаас сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага ёсзүйг сайжруулахаар олон зорилт тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг үзэхийн төлөө ажиллана. Саяхан МАН-ын сахилга хариуцлагыг чангатгах тухай, хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг өнөөдөр бид Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн ярилцлаа.
МАН удирдах зөвлөлийн тогтоол:
Сахилга хариуцлагыг чангатгах
- Улстөрийн болон ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах
- Дээрх чиглэлийг үүрэг болгон ажиллахад МАН-ын дарга У.Хүрэлсүхэд даалгасугай гэсэн тогтоол гаргалаа" гэсэн юм.
Д.Болор