Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар дөнгөж сая хуралдаж "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг баталлаа.Шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож олон өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Тиймээс 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэхээр тогтлоо. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийн хамруулахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.Амны хөндийн өвчлөл нь хувийн эрүүл ахуй, эцэг эхчүүдийн дадал хэвшлээс хамаардаг хэдий ч хүүхдийн шүдний өвчлөл аюултай хэмжээнд хүрсэн учраас Засгийн газар төсвийн хөрөнгөөр хүүхдүүдээ эрүүлжүүлэх шийдвэрийг гаргалаа" гэлээ.
Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1049 шүдний эмч улсын хэмжээнд ажиллаж байгаагаас 77 хувь нь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг,аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг,бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтттай арга хэмжээ авч ажиллах юм.