Баруун Европ руу тэмээгээр аялалд гарсан Н.Байгальмаа Ховдын нутагт хил дээр олон сар болсны эцэст хэдхэн хоногийн өмнө хилээр гарч, Хятадын нутаг руу орсон талаараа мэдээлсэн билээ. Тэмээтэй аялалаа амжилттай үргэлжлүүлж байсан Н.Байгалмаа өчигдөр бие нь гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар түүний нөхөр Нямка нь мэдээлэл авчээ.
Тэрбээр “Байгалаа маань хордлогонд орж халуурч ардын эмчилгээнд хүргэгджээ. Гайгүй байж байгаад оройхон тийшээ бие нь улам муудаж дахин эмнэлэгт хүргэгдсэн байна. Хамт яваа монгол ахан дүүсээс мэдээ авав. Элий аймаг Монгол хүрээ хотод байна. Өнөөдөр манай хадам ээж эмнэлэгт хэвтсэн.Мөн Байгал маань бас эмнэлэгт хүргэгдлээ. Яг яахаа сайн мэдэхгүй байна. Монголд байхад аялалыг зогсоох гэсэн маш олон оролдлого байсан.
Одоо Хятадад бие нь тун муудлаа, санаатай үгүйг батлаж чадахгүй ч бидэнд энэ аялалаа үргэлжлүүлбэл Байгалаа болон тэмээд амьд гарч чадахгүй шүү гэсэн заналхийлэл олон талаас маш их ирсэн.
Энэ байдлаар аялалаа зогсоосон нь дээр гэж бодогдох юм. Хэдий түүхэн аялал байсан ч гэсэн өөрийн амиараа дэнчин тавих хэрэггүй мэт. Юутай ч хадам ээжийн сахиур олсон. Байгалаагийнхаа араас явж буцааж авч ирж аяллыг зогсоох нь ер нь зөв байхаа.
Бид эцсээ хүртэл зогссон, мохошгүй зоригтой охинтой гэдгээ эх орон маань мэдсэн байх гэж бодож байна” гэсэн постыг оруулжээ.