8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянга болгож, 6 настнуудын бүртгэл эхэлсэн өдөр

2018-08-20 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Н.Мөнхцэцэг: "Хурд" групп биднээс уучлалт гуйгаагүй

Энэ сарын 8-ны өдөр Хурд группын барилга дээр осол гарч нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэргийн талаар "Хурд" группын гүйцэтгэгт компаниудын төлөөлөл  өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийсэн.  Төлөөлөгчид мэдээллийн эхэнд 8-ны өдөр гарсан ослын улмаас амиа алдсан 17 настай хүүгийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйсан юм. Мөн энэхүү барилгын осол нь Захиалагч "Хурд" групп болон Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт ямар ч хамааралгүй. Осол гарснаас хойш энэ ослын талаарх хэргийг талаар олон нийтийн цахим сүлжээнд буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаа учраас ийнхүү мэдээлэл хийж байна гэсэн юм. Мөн  Осол гардаг өдөр  “Хурд групп” ХХК-ийн  аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК-ийн чингэлэг зөөж байсан кран унаж, 17 настай хүү амиа алдсан гэдгийг. “Хурд” групп болон гүйцэтгэгч “Түмэндэлгэр далай” компаний захирал н.Батхишиг онцолсон билээ.  

Тэгвэл талийгаач хүүгийн ээж Н.Мөнхцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэргийн талаар болон "Хурд" группын удирдлагууд тэднээс уучлалт гуйгаагүй, өнөөдрийн хүртэл ямар нэгэн хүн холбогдоогүй талаар ярьсан байна. Тэрбээр "“Хурд” группийнхнээс огт холбогдоогүй ээ. Нөгөө компаниас нь хүмүүс ирсэн. Одоо болтол биднээс уучлалт гуйгаагүй. Зурагтаар ярихдаа ёсзүйн хариуцлага хүлээнэ гэж байсан. Энэ ёсзүйн хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал биш. Хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдал, барилга дээр өчнөөн инженер байх ёстой байтал байгаагүй гэдэг. Наад зах нь миний хүүг 20 настай байсныг мэдээгүй гэж хэлж байгаа нь харамсалтай. 

Цэвэр хөдөлмөр хамгаалалтын буруу байгаа юм. Аюулгүй байдлыг нь анхнаасаа хангасан байсан бол миний хүү өнөөдөр амьд байх байсан. Тэр хяналт тавьдаг инженерүүд нь хаана байсан юм бэ. Манай хүүгээр хүний ажил хийлгүүлж байсан байна лээ. Иймэрхүү осол аваар миний хүүгээр дуусаасай гэж бодож байна. Олон элэг нь эмтэрсэн эхчүүдийн өмнөөс дуу хоолойгоо хүргэнэ. Ажиллах орчноо аюулгүй болгох хэрэгтэй байна.

Би хүүгээ дайн байлдаан руу явуулаагүй, ажил хийж яваад осолдож амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай байна" гэжээ.

Азийн наадмын 11 дэх аварга ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ (UWW)-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ий 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Монголын баг тамирчдын салхийг алтан медалиар хагалж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. 
Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин болж байна. Түүнчлэн Э.Бэхбаяр Азийн наадам болон Азийн аварга болсон чөлөөт бөхийн зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, гавьяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар гээд Монголын чөлөөт бөхийн үе үе шилдгүүд дээрх хоёр тэмцээнд түрүүлж байв. 
Түүний хувьд Индонезийн нийслэлд тэгшитгэлд Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр, 1/8 шигшээд БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр, хагас шигшээд Азийн АШТ болон Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт Ираны Реза Атри, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын 20 настай Кан Кум Сон нарыг тус бүр 8:2-оор яллаа.
Э.Бэхбаярын анхны багш, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, олон улсын шүүгч Лувсан-Ишийн Болормаа нарт МЧБХ-ны нэрийн өмнөөс баяр халуун баяр хүргэе.

Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт явагдаж байна

Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт өнөөдрөөс эхэллээ. 

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж. 

Хамтарсан шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар  2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал хуваарийн дагуу  Энх тайвны өргөн чөлөө 5 шарын буудлаас зүүн 4 замын буудал хүртэл нийт 32 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол  тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын  шалгалт хийж ажиллах юм байна. 

Азийн наадамд монголчууд медалийн тоогоороо аравт эрэмбэлэгдлээ

Азийн спортын наадам "Жакарта-Палембанг 2018" наймдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн. Наадам эхэлснээс хойш Монгол Улсын баг тамирчид чөлөөт бөх, буудлага, усан сэлэлт, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, теннис болон буудлагын төрлүүдэд оролцоод байна.

Чөлөөт бөхийн 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр алтан медаль, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн хүрэл медаль тус тус хүртсэн.

Ази тивийн 45 орны 10 мянга гаруй тамирчин, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж буй тус наадамд Монгол Улс медалийн жагсаалтын аравдугаар байрт эрэмбэлэгдэж байна. 

Медалийн жагсаалтыг 9 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар Хятадын баг тамирчид тэргүүлж байгаа бөгөөд тэдний араас Япон, БНСУ-ын тамирчид амжилтаараа удаалж явна. 

ШУУД: Цалингийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийж байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр шийдвэрлэгдээд байгаа. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэр гаргасан. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар мэдээлэл өгч байна. Энд дарж үзнэ үү.

Багш нарын ажлын үр дүнд суурилан урамшуулал олгоно

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ- чуулганы 2018 оны зургадугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 7 бүлэг, 18 зүйлтэй бөгөөд энэ хуулийн зорилт нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргаснаар:

1.Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.

2.Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.
3.Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.
4.Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
5.Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай болсноор багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.
6.Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
7.Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг 5 жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.
8.Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг.

Хэнтийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Харин нөхөн сонгуульд өрсөлдөх 14 нам ирэх сарын нэр дэвшигчдийнхээ нэрийг ирэх сарын 5-нд олон нийтэд зарлана. Тэгвэл Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвших нөхдийн нэрс эхнээсээ тодорч эхэлжээ. Тухайлбал, МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярынхаа нэрийг дэвшүүлэхээр болсон байна.

Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина" гэжээ. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 болгожээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр өнгөрсөн Баасан гарагт гаргасан байна.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэр гаргажээ.

Энэ талаар өнөөдөр 15:00 цагаас Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар мэдээлэл өгнө. 

Шингэрүүлсэн хий дэлбэрч 4 хүн гэмтжээ

Налайх дүүргийн 2 дугаар хороонд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрч, дөрвөн хүн түлэгдэж, гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал,  ослын талаарх дуудлага энэ сарын 16-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 19:33 цагт очиход 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн байжээ.

Улмаар тус тоотын 3 өрөөний цонхны шил, байрны гадна байсан иргэн Т-гийн зэмшлийн “Приус 20”  загварын суудлын автомашины шил хагарч, тус дүүргийн харьяат иргэн О /29 настай, эрэгтэй/, П /27 настай эрэгтэй/, Э /23 настай, эрэгтэй/, Э /2 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгч, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Зургаан настнуудын бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.  Бүртгэл энэсарын 20-30-ны хооронд явагдах аж. 

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
  • Нэг хувь цээж зураг

Та хүүхдээ аль сургуульд орохыг хамран сургах тойргоос харна уу.

Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн хамран сургах тойрог: Энд дарж үзнэ үү. 

НӨАТ: 5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо

Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны олоодугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Өчигдрийн үндсэн сугалааны тохирлоор  5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо.

Үндсэн сугалааны тохиролд 19301136  дугаар тодорсон бөгөөд:

  • 5 сая төгрөгийн 24
  • 1 сая төгрөгийн 176 
  • 200 мянган төгрөгийн 1827
  • 50 мянган төгрөгийн 18327 баримт тохирлоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу.

Супер шагнал буюу 100 сая төгрөгийн сугалаанд 96151358 дугаар гарсан ч азтан тодорсонгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment