Энэ сарын эхээр ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурсанаас болж, тус яамны газрын дарга Т.Гомбосүрэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргээс үүдэж Ерөнхий сайд үүрэг болгож, төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл өгснөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулж, бүх яамдад буюу ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар Төрийн тусгай хамгаалалттай 18 газар буюу төрийн байгууллагуудаас 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 ширхэг шатамхай бодис буюу салют, бензин гэх мэт бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлсэн талаар мэдээлэл өмнө нь хүргэж байсан. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс цаашид архи, дарсны зүйлсийг төрийн албан байгууллагуудад нэвтрүүлэхгүй байх, иргэдэд хүнд суртал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож байх жишгийг нэвтрүүлэх үүрэг даалгавар өгөөд байгаа. Энэ асуудал намжаагүй байтал өчигдөр АТГ мэдээлэл хийж бас л дуулиан дэгдээв. Тодруулбал, АТГ-аас хийсэн хяналт шалгалтаар:
Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Тодруулбал, Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017 оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь илэрчээ. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий \тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь шалгалтаар илэрсэн байна.
Эрүүл мэндийн сайд жолоочоор ажиллаж байсан хүнийг газрын даргаар томилжээ
Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байгаа талаар АТГ мэдээлэлдээ дурьдлаа. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, “...Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогджээ. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд ил болсон.
Ийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын гурван сайд тендер будлиантуулсан, их хэмжээний мөнгө хувийн компани руугаа шилжүүлж авсан, жолоочоо хийж байсан хүнийг газрын даргаар томилсон гэх мэт олон ноцтой зөрчил илэрлээ. Цаашид эдгээр гурван сайд АТГ-ын хараанаас салхааргүй боллоо. Шалгагдаж байгаад хэрэг замхардагийн жишээг давтахгүй бол эдгээр гурван сайдад хуулийн байгууллага ямар хариуцлага хүлээлгэх вэ.
- Өнгөрсөн хавар АТГ-аас мөн л хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан хэмээн мэдээлэл хийж байсан. Гэтэл саяхан тус хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан гэх Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгоод өнгөрсөнийг харсан.
- Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нь ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.141.800.000 төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн АТГ-аас мөн л мэдээлэл хийж байсан. Гэтэл уг хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ мэт дээрх гурван сайдын хэрэг замхарч алга болох уу, эсвэл хуулийн дагуу шалгах уу гэдгийг харах л үлдлээ.