8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаачид ирэх сарын 1-нээс өлсгөлөн зарлана

2018-08-29 09:39:41

Автобусны буудлуудад байрлах ТҮЦ-үүдийг нүүлгэн газар чөлөөлж байгаа билээ. Үүнийг эсэргүүцэж Монголын худалдаачдын холбооноос энэ сарын 6-ны өдөр хэвлэлийн бага хурал худалдаачид МАН-ын байрны гадна 2016 оны УИХ-ын сонгуулиар өгсөн мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэхийг шаардаж, жагсаал хийж байсан.

Тэд “МАН 2016 онд УИХ-ын ээлжид сонгуульд ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно, авлига хээл хахуультай тэмцэнэ" гэх зэргээр амлаж, үнэмлэхгүй ялалт байгуулсан. Гэвч амлалтаа биелүүлсэнгүй. Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлого явуулж байна. Өөрсдийн хүч чадлаар хувиараа худалдаа эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж, өр зээлийн дарамтад оруулж, татвар, торгуулиар хүчирхийлж байна. Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээр эсэргүүцлийн тэмцэл эхлүүлэх гэж байна. Албан бус мэдээгээр Монголд 300 мянга гаруй худалдаа эрхлэгч бий. Тэднийг тэмцэлд уриалан дуудаж байна. Бидний эсэргүүцлийг хүлээн авч, ямар нэгэн шийдвэрт хүртэл тэмцэх болно” хэмээн мэдэгдээд байсан.

Тэгвэл Монголын худалдаачдын холбооныхон өчигдөр дахин мэдээлэл хийж, өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдлээ. Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа “Худалдаачид бид Монгол улсад худалдаа наймаа эрхлэн амьдарч буй 300 гаруй мянган иргэнийхээ нийгмийн асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг судлан зохицуулах, зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг шаардсан 7 заалт бүхий шаардлагыг МАН-д хүргүүлсэн боловч  өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй. Мөн тус намын дарга, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлт гаргаад 12 дахь хоног дээрэ бидний төлөөлөл МАН-ын байрны гадна гадна улс төрийн суулт хийж байна. Өр, зээл, түрээс, хүү алданги, цагдаа, төрийн албаныхны болон мөнгө хүүлэгчдийн төрөл бүрийн дарамтанд өглөөнөөс үдшийн бүрий болтол өөрсдийн хүчээр хөдөлмөрлөдөг байтал биднийг дэмжихийн оронд “гудамжныхан, гуйлгачид” гэх мэтээр харьцан доромжилж байгааг бид тууштай эсэргүүцэх болно. Тиймээс тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сарын 1-н гэхэд Монголын Худалдаачдын холбооны төлөөлөгчидтэй, олон нийтийн өмнө нээлттэй уулзалт зохион байгуулах шаардлагыг хүргүүлээд байгаа аж. Хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол одоо хийж буй улс төрийн суултаа тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжүүлж есдүгээр сарын 1-нээс эхлэн өлсгөлөн зарлана” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл