2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Хэрэг гарсанаас хойш өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд ар гэрийнхэн нь дахин хэвлэлийн хурал хийж байна.
Тус хэргийн талаар өмнөх хэвлэлийн хурал дээр амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа “Осол болохыг харсан гэрчийн хэлснээр манай дүүгийн машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан юм билээ. Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн, хэргийг харсан гэрчүүд зөндөө бий. Дүүгийн маань машиныг шахсан шаргал өнгөтэй машин хэргийн газраас зугтсан. Гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг" хэмээн хэлж байсан билээ.
Хэрэг болсноос жилийн дараа гэхэд гурван удаа прокурор солигдож, гурван удаа хэрэг хаагдсан байна. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсан, осолд орсон машин ямар шалтгаанаас болж урсгал сөрсөн бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байгаа аж.
Ийнхүү хэрэг шийдэгдэхгүй явсаар 7 хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж амь үрэгдэгсдийн гэр бүлээс дахин хэвлэлийн хурал хийж байна.
Тухайн үед автомашинд гурван сартайгаас дөрвөн настай гурван хүүхдийн хамт зорчиж яваад нас барсан бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий “Талийгаач охин маань автын ослоор хадам эгч, хадам аав, ээж гурван хүүхэдтэйгээ өөд болсон. Энэ хэргийг хийсэн хэрэгтэн нь хэргээ хүлээхгүй, шийдвэрлэж байгаа прокурорын байгууллага нь нэг талыг барьж ажиллаж байна. 2017.09.27-нд 14 хүний бүрэлдэхүүнтэй Манлайбаяр ахлагчтай ажлаа хэсгийг байгуулаад гуравхан хоногийн дотор хэрэгтэн Цэцэгшагдарыг олсон ч өнөөдрийг хүртэл биднийг хүлээлгэсэн. Цэцэгшагдарыг олохдоо манай гэрчээр тодорхойлуулж ам зураг гаргаж, таниулах ажиллагаа хийсэн атал гэрчийн мэдүүлэг, байцаалтыг үгүйсгэж, хэрэгтэнг хэрэгтэн биш гэж, миний талийгаач охин дээр хэрэг нээчихээд байна. Үүнд маш их гомдолтой байна. Үхсэн хүн үг хэлэхгүй гэж бодож миний охиныг буруутгаж хэрэг үүсгэсэн. Гэтт этгээдүүд өөрсдийгөө "би буруугүй" гэх үгээр хэргийг хаачихлаа. ” гэсэн юм.
Мөн талийгаач эмэгтэйн эгч “Приус 20” маркийн автомашинд миний дүү хүүхдүүдийн болон өөр насанд хүрэгчдийн хамт зорчиж явсан. Энэ осол Эмээлтийн замд гарсан.
Тухайн үед юу болсон бэ гэхээр 8558 УНС улсын дугаартай Ланд крузер 100 маркийн автомашин дүүг манаь нэгдүгээр эгнээнд явж байхад нь хоёр дугаар эгнээнээс шахаж онхолдуулсан. Онхолдож эсрэг урсгалд орж “Ланд Крузер 200” автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэний улмаас гал гарч машинд зорчиж явсан 7 хүн нас барсан. Энэ хэрэг прокурорт гурван удаа хаагдаж, шүүхэд шилжихгүй байсаар эцэстээ хэргийг хэрэгсэхгүй болгосонд бид гомдолтой байна" гэв.
Ослын гол буруутан “Ланд крузер” маркийн автомашины жолооч Цэцэгшагдар.
Төв аймгийн прокурорын байгууллагын Алимаа, Энхмаа, Эрхэмбаяр гэх гурван прокурор хэргийг хаасан.