Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт авто зам дээр үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн билээ. Эл асуудлыг хэлэлцэж дууссаны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Мөн өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүссэн. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна. Тавантолгойн 30 хувьд IPO босгох төсөл дээр нэлээд шуурхайлан ажиллаж байгаа. Оны сүүлээр УИХ-д танилцуулна" гэв.