Эрх баригч АН-аас томоохон албан тушаал хүртсэн нөхдүүдийн хууль зөрчсөн үйлдэл гаарсаар байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа томилогдмогцоо л дүүргийн бүхий л хороодын дарга нараас эхлээд хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдийг хүртэл халж байсан түүх бий. Байнга хууль бус үйлдэл гаргах Д.Пүрэвдаваа АН-аасаа дүүргийн ИТХ-д сонгогдсон нөхдүүдийн улирал бүрийн урамшууллын мөнгө болох 136 сая төгрөгийг намдаа хандивлана гээд хураагаад авчихсан нь нэлээд асуудал дагуулж байсан. Засаг ноён Д.Пүрэвдаваа саяхан жирэмсэн эмэгтэйг зодож танхайрчээ. 2015 оны арваннэгдүгээр сард Засаг дарга Д.Пүрэвдаваа тус дүүргийн Гэр бүлийн хөгжил төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ гэх жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан байна. Д.Пүрэвдаваа 2013 оны дөрөвдүгээр сараас эхлээд Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилогдон ирсэн Н.Эрдэнэ гэх эмэгтэйг байнга ажлаа өгөхийг шаардаж дарамталж, улмаар сүүлд жирэмсэн эмэгтэйд гар хүрсэн аймшигт хэрэг гарчээ.
Тухайн өдөр юу болов
Олон хоног ажлаа өгөхийг дарамталдаг байсан Засаг дарга нэг өдөр хохирогч эмэгтэйг өрөөндөө дуудаж, ажлаа өгөхийг шаардсан байна. Тухайн үед Хорооны Засаг дарга, Хэвлэл мэдээлэлийн төвийн дарга, Засаг даргын орлогч гэх мэт олон хүн хажууд байсан гэнэ. Ажлаа өгөхийг шаардахад юу хийсэнээ тайлагнах гээд босоход хохирогч эмэгтэйг Засаг дарга “гэдэс рүү нь зохиж суулгасан байна. Айж балмагдсан эмэгтэй ахин босож иртэл, хүчтэй түлхэж хана мөргүүлсэн” аж.
Ингээд хамт байсан хүмүүс Засаг дарга Д.Пүрэвдавааг тайвшируулж суулгасан байна. Эрх мэдэл нь хэтэрсэн Засаг дарга жирэмсэн эмэгтэйг “Ажлаа өг, ална шүү чамайг, аятайхан байгаарай, чи ахиад жирэмсэн болчихсон юм уу, мал шиг юм аа, хүүхэд цувуулаад гээд л” хэлэх хэлэхгүй үгээр хэлж зодсон байна.
Одоо Д.Пүрэвдаваад зодуулсан эмэгтэйн бие тааруу байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэж байгаа аж. Хүчтэй доргилтын улмаас, хэвлийд байгаа ураг доошилж зулбах аюулд хүрсэн байна. Эмэгтэйн урагт нөлөөлж, толгой эргэн зүрхний хэм алдагдаж эмнэлэгт хэвтсэн аж. Сандал суудлаас болж жирэмсэн эмэгтэйд гар хүрдэг ёс зүйтэй ийм Засаг дарга байж болох уу.
Засаг дарга нарын үйлдэл хэрээс хэтэрлээ
Засаг дарга нарын эмэгтэйчүүдийг зодож хүчирхийлдэг явдал хэрээс хэтэрлээ. Д.Пүрэвдаваагаас гадна, өнгөрсөн оны сүүлэр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэх залуу нэгэн эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан. Одоо хохирогч эмэгтэй ард түмнээс тусламж гуйж давсагны угсраа хагалгаанд ороод байгаа.
Сумын хохирогч эмэгтэйг хүчирхийлэгчийн гарт тушаасан Г.Ариунболд гэгчийг сая цагаан сараар сумын ЗДТГазрын даргаар эргэж томилсон тухай мэдээлэл ч гарч байна. Энэ мэт хариуцлагатай төрийн албан тушаалтан зэрлэгээр эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бас зоддог явдал хэрээс хэтэрлээ.
Төрийн албан тушаалтан гэхээрээ хууль үйлчилдэггүй байж болохгүй. Жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Баянчандмань сумын ЗДТГазрын дарга Г.Ариунболд нарт зохих хариуцлагыг тооцох хэрэгтэй.