8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: "Эрдэнэт" үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй

2018-09-03 14:14:00

-Иргэд хувьцааны үр шимийг удахгүй хүртэнэ-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний 7 сарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яамны газар хэлтсийн дарга нар оролцов. 2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибденийбаяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байна. Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, Аи-92 автобензин 1888 төгрөг, Аи-95 автобензин 2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. ОХУ-аас Монгол Улсад 09 дүгээр сард импортлох Аи-92 автобензины хилийн үнэ 721 ам.доллар/тонн, Дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар/тонн болж,  өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллароор нэмэгдэн орж ирж байна. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.  

– “Оюутолгой” төслийг зарим хүмүүс зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн. Энэ төслийг зогсоох шаардлагатай юу?

-“Оюутолгой” төсөл бол Монголын төсөл. Том ч төсөл. Энэ уурхайн үйл ажиллагааг зогсоож тасалдуулах ёсгүй. Ялангуяа Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг зогсоохгүй. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил эрчимжиж байгаа энэ үед өмнө нь хэрэгжүүлж байсан том төслөө зогсооно гэдэг бол байж  болохгүй зүйл.  Мэдээж, засч, залруулах зүйл байгаа. Үүнийг үгүйсгэгүй. Гэхдээ үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгаж, намрын чуулганаар хэлэлцэх байх. Засгийн газар болон УУХҮ-ийн яамны зүгээс энэ төслийг үргэлжлүүлээд явна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, санхүүгийн баримт гүйлгээг битүүмжилсэн, дарга нарыг нь гадагш гарахыг хорьсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ  үнэн үү?

-“Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна.Одоогийн байдлаар тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн таны асуусан шиг "Эрдэнэт" үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй. 

-“Эрдэнэс Тавантолгой”  компанийг яамны харьяанд авсан нь  ямар учиртай юм бэ? 

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эрх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг төлөөлж, ийм шийдвэр гаргасан. УИХ-ын 73-р тогтоолын дагуу ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа ажил. Компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна.

-ОХУ, Хятадын талаас Монгол Улсаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэхээр болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ хэр бодит үнэний ортой мэдээлэл вэ?

-Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.  Хамгийн наад захын жишээ гэхэд агаарын бохирдол багасахад нөлөөлнө. ШХАБ-ын уулзалтаар ОХУ-ын талаас эдийн засгийн талаас нь судлах чиглэл ирсний дагуу Монголоор дамжуулах асуудлыг ярих байх. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр ярьж шийдвэр гарах байх.

-Иргэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцааныхаа ашгийг хэзээ хүртэх вэ?

-Хувьцааны үр шимийг хүртэх хугацаа удахгүй ирнэ. 

Мэдээллийг шууд дамжуулж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл