5o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймаг 400 тонн хадлан бэлтгээд байна

2018-09-04 13:35:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна. Засгийн газрын дээр дурдсан тогтоолын дагуу энэ жил аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болох 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх юм. 

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад  дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байна. Иймээс хадлан бэлтгэх боломж бүрэн бүрдсэн гэж үзэж байна.

Энэ жил бэлчээрийн ургамлын ургац харьцангуй сайн байна. Өөрөөр хэлбэл, нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан байгаа бөгөөд улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, наймдугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 6 хүртэл ц/га, Увс аймгийн Өлгий, Завхан аймгийн Сонгино, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Архангай аймгийн Цахир, Чулуут, Хотонт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхон аймгийн Улаантолгой, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур, Дундгов аймгийн Мандалговь, Хэнтий аймгийн Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт 6.1-8 ц/га, Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Хишиг-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгэ аймгийн Баянгол, Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Гурванзагал, Халхгол сумдын нутагт 8.1-10 ц/га, Булганы Бугат, Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Алтанбулаг, Угтаалцайдам, Хэнтий аймгийн Гурванбаян, Дадал, Дорнод аймгийн Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумдын нутагт 10.1-16 ц/га байгаа гэсэн судалгааны дүн гарсан юм.

Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200  чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн. Аймаг, орон нутагт хадлан бэлтгэлийн ажил ид явагдаж байна. Одоогийн байдлаар Архангай аймаг 17 мянган тонн, Орхон аймаг 60 тонн, Дорноговь аймаг 400 тонн хадлан бэлтгээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment