Цалингаа голж, ажлаа хаясан багш нарын оронд ажиллах хүсэлтэй ажилгүй байгаа багш нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Үндсэндээ багш нарын ажил хаялтыг багш нар эсэргүүцэж байгаагаа мэдээллийн эхэнд онцолсон юм. Хүүхэд төрүүлж гэртээ суусан, улсын сургуульд тэнцэж ажиллаж чадахгүй байгаа ажилгүй багш нар фэйсбүүк групп нээж нэгдсэн аж. Тэд багш нарын ажил хаялттай холбогдуулан фэйсбүүк группдээ хэлэлцүүлэг өрнүүлж, төлөөлөл нь өнөөдөр хэвлэлийн хурал хийж ажил хаясан багш нарыг буруутгасан юм.
Ажилгүй байгаа багш нарыг төлөөлж хэвлэлийн хурал хийсэн нөхдүүд “Би ажилгүй байгаа багш. Одоогоор 12 сургуулийн багш нар ажил хаяж, 20 мянган сурагч, 40 мянган эцэг эхчүүд хохирч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсээд байна. Багш нар ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Би бага ангийн багш мэргэжилтэй. Багш нар 600 мянган төгрөгийн цалин авдаг, түүнийгээ бага гэдгийг мэдэж байгаа ч хичээлийн эхний өдөр ажил хаяж байгааг эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ажилгүй байгаа, ажил эрхлэхийг хүсч байгаа багш нарыг бидэнтэй нэгдэж, ажил хаялт зарласан багш нарын оронд ажиллахыг уриалж байна. Би бололвсролын салбарт 10 жил ажиллаж байгаад 2014 оноос хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Улсын сургуульд ажилд ороход хэцүү байдаг. Багшийн шалгалтаа өгчихсөн.
Ажил хаялт хийх гэж байгаа бол нэгдсэн журмаар зохион байгуулалттайгаар, цаг үеэ олж хийх хэрэгтэй. Сурагчид бие биенээ санан догдлоод есдүгээр сарын 1-нд нээлтэн дээрээ уулзсан. Үнэхээр ажил хаях байсан бол есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийж хүүхэд сурагчдыг догдлуулах хэрэг байгаагүй” зэрэг зүйлсийг хэлж байв.
Тэдэнтэй цуг эцэг, эхийн төлөөлөл ч ирсэн байлаа. Нийслэлийн БГД-ийн 77, 78 дугаар сургуульд хүүхдүүд нь сурдаг эмэгтэй “Манай хүүхдүүдийн сургуулийн багш нар ажил хаяаагүй байгаа. Гэхдээ ажил хаяна гээд яриад байгаа. Багш нар ажил хаялт зохион байгуулахаар хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байна” хэмээв.